С.Амарсайхан: Морин хуур найрал хөгжим анх удаа Ташкент хотноо тоглож байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Улсын филармонийн “Морин хуур” найрал хөгжим, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал хөгжим Ташкент хотноо хамтын уран бүтээлээ толилууллаа.
Хоёр улсын төрийн тэргүүний ивээл дор зохион байгуулсан тоглолтыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Узбекистаны Шадар сайд Жамшид Ходжаев нар нээж, үг хэллээ.
Шадар сайд С.Амарсайхан, “Морин хуур” найрал хөгжим анх удаа Ташкент хотноо тоглож байгааг онцолж, энэ хамтарсан тоглолт хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уламжлал, соёл, амьдралын хэв маяг нь хоорондоо ижил төстэй хоёр орон түүх, урлаг, соёлын өвөө харилцан судалж, хамгаалж байх нь зүйтэйг Шадар сайд Ж.Ходжаев хэлж, Узбекистанд зохион байгуулдаг урлаг, соёлын олон арга хэмжээнд Монголын уран бүтээлчид тогтмол оролцдогт талархав.
Монгол, Узбекийн шилдэг 21 бүтээлийг хоршиж толилуулсан тоглолтыг Узбекистаны төр, засаг, нийгэм, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, тус улсад суугаа гадаадын улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, монгол, узбек иргэд зэрэг 1,800 гаруй хүн үзэж сонирхлоо.
Морин хуурын чуулга 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо 3,000 гаруй, дэлхийн 21 улсад 600 гаруй удаа тоглосон. Үндэснийхээ урлагийг сурталчлан таниулахад оруулсан хувь нэмэр, гавьяаг нь төр үнэлж, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээн, энэ онд өргөтгөж, “Морин хуур” найрал хөгжим болгосон юм.
Найрал хөгжмийн хамт олон Японы NHK телевизийн концертын их танхим, НҮБ-ын төв байр, Сиднейн дуурийн театр, Парис хотын Версалийн ордны Хааны дуурийн театр, Нант хотын Консерваторын Дебюсси танхим, Шанхай хотын Ягуар симфони оркестрын их танхим зэрэгт “Монголын сайхан орон” бүтээлээ толилуулж байсан түүхтэй.