Багт баярыг хүргэе!

-Би хэнийг ч буруутгахыг хүсэхгүй, үүнийг түүх шүүнэ. Өмнөө байгаа асуудлаа шийдэх нь Монгол эрх ашиг-

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гэрээг УИХ-аар соёрхон батлах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг нь энэ. 2004 оноос Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын яриа, хэлэлцээрийн хүрээнд эхлэлийг нь тавьж асан энэ төслийг тойрсон гадаад, дотоодын улс төр, ашиг сонирхлыг энд жагсаах нь илүүц. Үүх түүхийг нь жагсаавал сонины бүтэн нүүр байтугай дамнана. Ганц үнэн гэвэл 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, УИХ-ын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарсан ч шийдлээ олоогүй хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудлыг Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар эцэслэж, цэг хатгалаа. 

Үндсэндээ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо байгуулсан Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын дэмжлэг хүлээв. Улс төр, эдийн засаг, улс орны эрх ашиг талаасаа ч түүхэн шийдвэр мөн үү гэвэл мэдээж мөн. Учир нь, Монгол Улс, БНХАУ хоорондын 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээн төмөр замаас хойш 70 жилийн дараа хийж буй хоёр дахь хил холболт гэдгээрээ онцлог.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хэлснээр Засгийн хоорондын хэлэлцээрийг Монголын парламент ийнхүү соёрхон баталснаар төслийн бүтээн байгуулалт аж, ахуйн нэгжүүдийн харилцаанд шилжихээр болж байна. Өөрөөр хэлбэл, 30 хоногийн хугацаанд төмөр зам барих тендерийг зарлана. Энэ хооронд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулснаар төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлнэ гэсэн үг. Хугацаа нь 1.9 жил гэж тооцвол 2027 оноос Монгол Улс, БНХАУ хооронд 70 жилийн дараа хоёр дахь хил дамнасан төмөр замаа холбох нь. 

Угтаа бол аль 2014 оны наймдугаар сарын 21-нд хоёр улсын Төрийн тэргүүнийг байлцуулан зурагдсан Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын санхүүжилтийн гэрээнд үндэслэн Хятадын Ганцмод хилийн боомт талын бүтээн байгуулалт 2015 оны нэгдүгээр сард ашиглалтад орж байлаа. Харин манай улсын Гашуунсухайт талын бүтээн байгуулалт гацсанаас шалтгаалж, эдийн засгийн алдагдал, алдагдсан боломжийн өртөг болон бусад хилийн боомт холбогдохгүй байх харилцааны асуудал үүссэн нь ийнхүү 10 жилийн дараа шийдсэн нь Хамтарсан Засгийн газрын гавьяа болж түүхэнд үлдэх нь.

Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор боомтын  хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, 85 сая тонн нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрэх дэд бүтцийн хүчин чадал бий болно. Тэр хэрээр экспортын орлого, валютын нөөц нэмэгдэнэ. Үндэсний баялгийн сан арвижиж, “Хуримтлалын сан”-гийн орлого үржигдэнэ. Гээд тоочвол Монгол Улсад ирэх боломж олон. Хамгийн гол нь, өмнөд хөрштэйгөө холбогдох гуравдахь гарц буюу Шивээхүрэн-Сэхээ боомтын бүтээн байгуулалтын баталгаа бас жишиг болохуйц баримт бичиг нь энэ удаагийн гэрээ болох юм. Үргэлжлээд дөрөв, тав буюу Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд үе шаттай холбогдож, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын төсөл хэрэгжих нөхцөл бүрдэнэ. 

Өөрөөр хэлбэл, “Би хэнийг ч буруутгахыг хүсэхгүй, үүнийг түүх шүүнэ. Өмнөө байгаа асуудлаа шийдэх нь Монгол эрх ашиг” хэмээн чуулганы индрээс мэдэгдсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үг хэн нэгнийг буруутгаж, шүүх, эсрэгээрээ өмөөрч, хаацайлах гэхээсээ байгаа цаг үедээ боломж бүрийг ашиглах цаг үеийн шаардлага бий болсныг Хамтарсан Засгийн газрын тэргүүний үг байсныг төвөггүйхэн ойлгож болох нь. Ямартай ч тогтолцооны суурь өөрчлөлтийг зоригтой эхлүүлсэн шигээ том төслөө хэрэгжүүлэх түүхэн шийдвэрээ хамгаалж, басчхүү дэмжлэг хүлээж чадсан БАГТ БАЯРЫГ ХҮРГЭХ нь зүйн хэрэг юм!

Г.Эрхэс