Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төслийг дэмжлээ
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн болон хамт боловсруулсан хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа нарын 46 гишүүн санаачилж, энэ оны тавдугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм. Хуулийн төслийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, нөөцийн зохицуулалт, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор тусламж, үйлчилгээг хүн төвтэй нэгдмэл, тасралтгүй болгох, эрүүл мэндийн тогтолцоог боловсронгуй болгох, засаглал, хариуцлага, ил тод байдлыг хангах үзэл баримтлалаар боловсруулсан байна. Түүнчлэн эмнэлгийн анхан болон хоёр, гуравдагч шатлал бүрийн чиг үүргийг тодорхой тусгаж, уялдаа холбоог нягтруулах, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн систем, өвчний цахим түүх, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг бэхжүүлэх зохицуулалтыг тусгажээ.
Хуулийн санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, О.Батнайрамдал, Т.Мөнхсайхан, О.Саранчулуун нар асуулт асууж, хуулийн төслийн ач холбогдол, шинэлэг зохицуулалт, тогтолцооны өөрчлөлтийн талаарх асуудлыг хөндөн, тодорхой хариулт авав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, чанар, тусгай зөвшөөрөл, хүний нөөц, дэд бүтцийн төлөвлөлт, өөрчлөлтын цар хүрээ, байгууллагуудын чиг үүргийн ялгаа, магадлан итгэмжлэл, санхүүжилтийн тогтолцооны тухай болон салбарын оролцогчдын санал, тэдгээрийг тусгасан байдал, хууль санаачлагчдын судалгаа, олон улсын чиг хандлагын талаар асууж, тодруулж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж үг хэлэв.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн болон хамт боловсруулсан хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.