Хэрүүл багасч, хэрэг хурдасна: Шүүхийн шинэчлэл иргэдэд юу авчрах вэ?

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд албан ёсоор өргөн мэдүүллээ.

Гол үндэслэл, үндсэн агуулга нь иргэний эрх зүйн маргаан эрс нэмэгдэж, шүүгчдийн ачаалал хэт өссөн тул хялбар ажиллагааны шүүхийн маргааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага үүссэнтэй холбоотой. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөж, хэрэг хянан шийдвэрлэх маргааны босго болон тоо хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан шүүхийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилт тавьжээ.

Энэхүү алхам нь сүүлийн жилүүдэд шүүхийн системд тулгарч буй ачааллыг бууруулах, иргэдэд үзүүлэх эрх зүйн үйлчилгээг илүү шуурхай, чирэгдэлгүй болгоход чиглэсэн чухал шинэчлэл болж байна.Өнөөдөр шүүхийн практикт иргэний эрх зүйн маргааны тоо тасралтгүй өсөж, үүнийг даган шүүгчдийн ажлын ачаалал зохистой түвшнээс хэтэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх хугацаа сунжрах үндсэн шалтгаан болж байв. 

Шинээр өргөн барьсан хуулийн төсөлд бага дүнтэй болон хялбар ажиллагаагаар шийдвэрлэх боломжтой маргааны эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан боловсронгуй болгохоор тусгажээ. Энэ нь цаг хугацаа, зардал хэмнэсэн үр дүнтэй механизмыг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Хуулийн төсөл батлагдсанаар шүүх хуралдааны тов сунжирдаг байдал багасаж, иргэд өөрт тулгарсан эрх зүйн маргаанаа хугацаа алдалгүй шийдвэрлүүлэх боломж бүрдэнэ. 

Түүнчлэн, шүүгчийн ажлын ачаалал тэнцвэржсэнээр хэрэг бүрийг илүү чанартай, нягт нямбай хянах нөхцөл бүрдэж, иргэдийн шүүхэд мэдүүлэх үндсэн эрхийн хэрэгжилт шинэ шатанд гарах хүлээлттэй байна.