Ц.Идэрбат: Шинжээчдэд хариуцлагатай бай

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат шинжээчдэд хариуцлагатай байхыг анхааруулаад, сонсголын төгсгөлд 14 мянган хуудас ирсэн, шалгаж амжаагүй гэдэг тайлбар хийгээд сууж болохгүй гэв. Тэрбээр сонсгол цагаа олсон хэдий ч асуудлыг он цагийн дарааллаар нь зөв талаас нийгэмд ойлгуулах нь зүйтэй гээд, шинжээчдэд хүргүүлсэн материалуудыг ч ил болгохыг хүсэв.

Төгсгөлд нь сонсгол даргалагч М.Мандхай уг асуудалтай холбогдуулан үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ “Салбарын сайдын танилцуулгыг нэгтгэн дүгнэхэд мах махан бүтээгдэхүүний дотоодын хангамж 2021 онд 97 байсан бол 2025 онд 93 хувь, сүүн бүтээгдэхүүний дотоодын хангамж 2021 онд 61 байснаа 2025 онд 59 хувь, гурилын дотоодын хангамж 2021 онд 98 байснаа 2025 онд 81 хувь болон буурч, харин өндөгний дотоодын хангамж 2021 онд 51 байснаа 2025 онд 66 хувь болж өссөн гэдэг нь харагдлаа. Эдгээр үзүүлэлт өсөж, буурч байгаа нь зөвхөн тоо төдий бус үүний цаана иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготой хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн харагдаж байгаа гэдгийг бодох ёстой” гэж байлаа.

photo_2026-09-28_12-18-02.jpg

Мөн тэрбээр өнөөдөр хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс үзүүлсэн эдгээр дэмжлэг, урамшууллын үр дүнг хэлэлцэж байгаа нь тун сайшаалтай хэрэг бөгөөд шинжээчийн болон яамны танилцуулгад дурдагдсан тооны зөрүүг эргэн харж, засаж нэгдсэн мэдээлэлтэй болох нь зүйтэйг онцлов. Түүнчлэн сүүлийн 18 жилийн хугацаанд олгосон урамшууллын талаар нэгдсэн тоон мэдээлэлтэй болсноор цаашид хэрэгжүүлэх урамшуулал, дэмжлэгийг бодитой өсгөх, үр дүн гаргахын төлөө хамтдаа сайжруулж ажиллах бололцоо бүрдэнэ гээд, гишүүдийн хөндсөн хэмжих үзүүлэлт, хүрэх үр дүн, бүтээмжийг бий болгох асуудалтай санал нэг байгаагаа илэрхийллээ.