М.Мандхай: 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 52 мянган малчин, тариаланч, аж ахуйн нэгжүүд хүртжээ
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ.
Ерөнхий хяналтын сонсголд тус Байнгын хорооны гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Ж.Батжаргал, М.Ганхүлэг, Г.Ганбаатар, С.Ганбаатар, С.Замира, М.Мандхай, Л.Мөнхбаясгалан, У.Отгонбаяр, С.Одонтуяа, Ж.Чинбүрэн, А.Ундраа нар ирснээр 51.7 хувийн ирцтэйгээр 09 цаг 45 минутад эхэлсэн.
Сонсголыг Байнгын хорооны дарга М.Мандхай даргалсан.
Сонсгол даргалагч гишүүдийн ирц, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан сонсголын дэг, журмыг танилцуулав. Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа сонсголын гол ач холбогдол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд чиглэжээ.
Хоёр өдөр үргэлжлэх уг сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна төрийн байгууллагын төлөөлөл 37, төрийн бус төрийн байгууллага, иргэдийн төлөөлөл 27, нийт 64 хүн оролцож байгаа аж.

Ерөнхий хяналтын сонсголыг нээж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Сүүлийн 18 жилийн хугацаанд буюу 2008-2025 онд төрөөс урамшуулалд 538 тэрбум, дэмжлэгээр 1.1 их наяд төгрөгийг гаргаж, давхардсан тоогоор 1 сая гаруй малчин, тариаланч, аж ахуйн нэгж хамрагдаж ирснийг дурдаад 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 52 мянган малчин, тариаланч, аж ахуйн нэгжүүд хүртсэний 603 тэрбум төгрөг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс хөнгөлөлт болж очсон гэлээ.

Монголын төр хөдөө аж ахуйн салбараа дэмжихийн тулд өнгөрсөн он жилүүдэд ямар нэг байдлаар бодлого, стратеги гаргаж, төсвийн мөнгийг зарцуулсаар ирснийг тодотгоод ингэх нь ч зүйн хэрэг гэлээ. Гэхдээ энэхүү хүчин чармайлтын үр дүнд салбарын хөгжил урагшилж, ажлын байр нэмэгдэж, малчид тариаланчдын амьжиргаа, ажиллах нөхцөл сайжирч, бас үр дүн эгэл жирийн иргэдийн амьдрал дээр ч тусгалаа олж байх ёстой гэдгийг сонсгол даргалагч онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр 2010 онд 346 мянга байсан салбарын ажилчдын тоо 31 мянгаар буурч, бүтээмж улсын дундажтай харьцуулбал 2 дахин бага, импортын хамаарал 5.6 дахин өссөн. Бид импортын хамаарлыг бууруулах зорилготой гэж хөтөлбөр бүрийнхээ зорилтыг тодорхойлсоор ирсэн байхад ингэж урвуу хамааралтайгаар өссөний шалтгааныг эргэн харах цаг болжээ гэлээ.
Энэхүү сонсголын хүлээгдэж буй үр дүнд тулгуурлан цаашид авч хэрэгжүүлэх агуулга бүхий Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулна гэдгийг сонсгол даргалагч онцлон тэмдэглэсэн.
Түүнчлэн Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа хяналтын сонсгол нь зөвхөн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу болдгийг онцгойлон анхааруулав.