С.Магнайсүрэн: Эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарсан зарим сорилт тулгарч болзошгүй
Ж.Энхбаяр: Aшиглагдаагүй гадаад зээлийн эх үүсвэрийн үлдэгдэл 17.1 их наяд төгрөгт хүрээд байсан
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төслийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа. Тэрбээр илтгэхдээ, манай улс өнгөрсөн хугацаанд гадаад зээлийн эх үүсвэрийг төсвийн тухайн жилийн хүрээ, хязгаараас шалтгаалан бүрэн ашиглаж чадахгүй, зарим эх үүсвэрийг дараагийн жилүүдэд шилжүүлэн ашиглах нөхцөл байдал үүсэж ирсэн. Үүний улмаас 2023 оны эцсийн байдлаар ашиглагдаагүй гадаад зээлийн эх үүсвэрийн үлдэгдэл 17.1 их наяд төгрөгт хүрээд байсан гэв. Хаврын чуулганаар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль баталсантай холбогдуулан цаашид гадаад зээлийн эх үүсвэрийг үр ашигтай ашиглах, төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хангах зохицуулалтыг оновчтой болгох шаардлага үүссэн. Энэ шаардлагад үндэслэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар тусгалаа. Тухайлбал Төсвийн хүрээний мэдэгдлийн эдийн засгийн үндсэн 9 үзүүлэлтээс “Нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ”, “Нэгдсэн төсвийн суурь тэнцэл” гэсэн хоёр үзүүлэлтийг хасаж, “Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ”, “Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ” гэсэн хоёр үзүүлэлтийг нэмж тусгалаа. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн ДНБ-ий 2 хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байхаар, нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийг тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт болон өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх заалтыг оруулсан. Ингэснээр уул уурхай дагасан төсвийн зардлын огцом өсөлтийг хязгаарлах чухал ач холбогдолтой хэмээн онцоллоо. Түүнчлэн төсвийн өөрчлөлтөөр бодлогын арга хэмжээг шуурхай авах, цаг алдахгүй шинэчлэх, түүнд нийцүүлэн тухайн жилийн төсвөө боловсруулах, өргөн мэдүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүлэх өөрчлөлтийг тусгалаа. Хуулийн төсөлд тусгасан эдгээр өөрчлөлт нь төсвийн эрсдлийг бууруулан, дунд хугацааны сахилга бат бий болгож, төсвийн бодлогыг эдийн засгийн суурь өсөлттэй уялдуулах нөхцөл бүрдэнэ хэмээв. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг илтгэхдээ, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэсэн юм.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд асуулт асууж, байр суурь илэрхийллээ. Ийн хэлэлцсэний эцэст санал хураалт явуулахад 50 гишүүн дэмжиж, 56.8 хувийн саналаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүллээ.