С.Магнайсүрэн: Эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарсан зарим сорилт тулгарч болзошгүй
Г.Тэмүүлэн: Монгол Улсын эдийн засаг өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савлагаанаас хэт хамааралтай байна
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүнээс 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хууль санаачлагч Г.Тэмүүлэн төслийг танилцуулахдаа, Монгол Улсын эдийн засаг өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савлагаанаас хэт хамааралтай байна. Иймд төсвийн сахилга батыг бэхжүүлэх, уул уурхайн орлогын өсөлттэй зэрэгцэн төсвийн зарлага хяналтгүй нэмэгдэх эрсдэлийг бууруулах, байгалийн баялгийн үр өгөөжийг одоо болон ирээдүй үеийн иргэдэд тэгш, шударга хүртээх эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгааг дурдлаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн анхны үзэл баримтлалд нийцүүлэн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийг эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй уялдуулан тооцох, улмаар төсвийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. Энэхүү хуулийн төслийг дэмжсэнээр уул уурхайн орлогоос үүдэлтэй богино хугацааны төсвийн тэлэлтийг хязгаарлаж, улсын эдийн засгийн дархлааг бэхжүүлэх чухал алхам болно хэмээв.Төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Ганзориг танилцуулж, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнийг илтгэсэн. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Л.Соронзонболд, А.Ариунзаяа нар тодруулж, үг хэллээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нийт гишүүдийн 60.9 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.