Ж.Дэлгэрсайхан: Төсвийн хэтрэлтэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай

Монгол Улсын 2027 оны төсөвт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтэд төсвийн бодлого, эрх зүйн орчны өөрчлөлт нь төсвийг тэлэх үндсэн шалтгаан болж байгааг онцолж, эрх зүйн шинэчлэлийг эдийн засаг, улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцож хийх нь зүйтэй гэж зөвлөснийг тус зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан хэллээ.

Эдийн засгийн бүтцийн гажуудалтай нөхцөлд төсвийн зарлагыг тэлэх нь дунд хугацаанд төсвийн эрсдэлийг улам нэмэгдүүлэхээр байгаа бөгөөд төрийн өмчит компанийн ногдол ашгийн тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлэх нь төрийн өмчийн хяналт, нэгдмэл бодлогод эерэг нөлөөтэй ч татварын бус орлогын огцом өсөлт, түүний найдвартай байдал, уул уурхайн салбараас хамаарах байдал, тухайн орлогоос урсгал зардлыг санхүүжүүлж байгаа зэрэг нь төсвийн орлого, зарлага, тэнцэл, гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг онцолсон юм.

Урсгал зардалд байнгын шинжтэй зардлын эзлэх хувь улам нэмэгдэж байгаа нь дунд хугацааны төсвийн бодлогын орон зайг улам шахах эрсдэлтэйг тэрбээр хэлж, хөрөнгө оруулалтыг зөв эрэмбэлэх, хэрэгжилтийн хугацаа, төсвийн хэтрэлтэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатайг дурдлаа.

Мөн Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдлийн хэмжээ болон ДНБ-д эзлэх хувь 2025 оны жилийн эцсийн байдлаар 35.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.4 хувь байсан бол 2027 оны төсвийн төсөлд 56.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 49.6 хувьд хүрэхээр байгаа нь эргэн төлөлт, өрийн үйлчилгээний зардал, ханшийн эрсдэлийг нэмэгдүүлэх нөлөөтэйг анхааруулжээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгагдсан тусгай шаардлагуудаас суурь тэнцлийг хангасан эсэх нь тодорхойгүй, мөн урсгал зардал 30 хувьд дөхсөн зэрэг анхаарах асуудал байгааг онцолсон юм. Хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төсвийн зарлагын тусгай шаардлагыг өөрчлөхөөр тусгасан нь төсвийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэжээ.