Н.Учрал: 180 мянга орчим компанийн ачаа 246 тэрбум төгрөгөөр хөнгөрнө

Нэгдсэн хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Уг асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гурав хоногийн завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа дууссаныг хуралдаан даргалагч мэдэгдэв. Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал танилцуулахдаа, ирэх оны төсвийн бодлого, шийдвэр айл өрх бүрд үр дүнгээ өгсөн байхад голчлон анхаарч буйгаа илэрхийлсэн. Тэрбээр юун түрүүнд иргэдийнхээ бодит орлогыг цалин, тэтгэвэр нэмэхээс гадна татварын болон нийгмийн даатгалын шимтгэлийн бодлогоор дэмжиж, зардлыг бууруулах замаар хамгаална гэв. Түүнчлэн хүн бүр цалингийнхаа 792 мянган төгрөгт татвар төлөхгүй. Боловсролын салбарт 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Сургуулийн ачааллыг бууруулах, сургалтын орчны ялгааг багасгаж, хүүхдийн хоол, тэжээлийн чанарыг сайжруулна. Эрүүл мэндийн салбарт 414.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг зохион байгуулна. Эмчилгээ, оношилгооны хүртээмжийг нэмнэ. Жижиг, дунд, бичил бизнесийн нэг хувийн татвар төлөх босгыг өсгөж, 180 мянга орчим компанийн ачаа 246 тэрбум төгрөгөөр хөнгөрнө. Жижиг, дунд бизнес, дундаж давхаргаа 1.1 их наяд төгрөгийн шинэ эх үүсвэрээр дэмжинэ. Орон сууцны санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмнэ. Ипотекийн зээл, урьдчилгаа төлбөрийн босго намсгах, хамтын өмчлөл, түрээслээд өмчлөх хэлбэрээр 16 мянга өрхийг орон сууцанд хамруулах зэргийг онцоллоо.

 

Харин Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэхдээ эдгээр нь төсвийн төлөвлөлт, хууль эрх зүйн орчинд хүчтэй нөлөөлөл үзүүлэхээр байгааг анхааруулж, өмнө нь өгсөн дүгнэлтүүд давтагдаж буйг тус Зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан сануулав. (дүгнэлтийг эндээс) Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дүгнэхдээ, төсвийн бодлогын өөрчлөлт нь Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөx үндэслэл болсон гэж үзжээ. Эдийн засаг дахь төрийн оролцоог 37.8 хувь байхаар төлөвлөсөн нь Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлтэй нийцэхгүйгээс гадна дунд орлоготой орнуудын түвшнээс давж, өндөр орлоготой орнуудын түвшинд хүрсэн. Энэ нь эдийн засгийн өсөлтийг дэмжих оновчтой түвшнээс хол зөрж байна. Дунд хугацааны инфляцын эрсдэл өндөр байна. Төсвийн үзүүлэлтүүдийн таамаглал нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн суурь таамаглал болон Олон улсын валютын сангийн таамаглалаас зөрж эхэлсэн. Төсвийн дүрмийн тогтвортой байдал алдагдах хандлага үргэлжлэхээр байна гэснийг танилцууллаа. 

 

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Б.Пүрэвдорж, П.Сайнзориг, Р.Эрдэнэбүрэн, А.Ариунзаяа, С.Одонтуяа нар асууж, байр сууриа илэрхийлэхдээ төсвийн сахилга, хариуцлагын асуудлыг хөндөж байлаа. Гишүүдийн асуултад Засгийн газрын төлөөллүүд хариулж, хэлэлцсэний эцэст төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.