Т.Жамбалцэрэн: Татаас, урамшуулал, хүүгийн хөнгөлөлт гээд 18 төрлийн урамшууллын бүх мэдээллийг хүргэсэн
Сонсголоор хөндсөн сэдэвтэй холбогдуулан 12 оролцогч санал хэлсэн. Оролцогчдын олонх чухал асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж буйд талархлаа илэрхийлээд, өнөөдрийг хүртэл төрөөс олгож буй урамшууллын төрлүүд, түүнд хэрхэн хамрагдах талаар иргэд бүрэн дүүрэн мэдээлэлгүйгээс малчид, тариаланчид урамшуулалд тэр бүр хамрагдаж чадахгүй, хүртээмж тааруу байгааг онцолж байлаа.
Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс олгож буй урамшуулал, дэмжлэгийн талаарх дата мэдээллийг олж авахад нэн бэрхшээлтэй байдаг талаар судлаачид тодотгоод, цаашид салбарын яам энэ асуудалд нээлттэй байх, улмаар дэвшүүлсэн зорилго, зорилтдоо хүрээгүй урамшууллын төрлийг зогсоож, үр дүн гаргаж буй төрлүүдэд шилжүүлэх, ялангуяа хөнгөн үйлдвэрийн салбарыг бодлогоор дэмжих нь зүйтэй гэх асуудлыг тус тус хөндөж байлаа.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Ганхүлэг, О.Амгаланбаатар, Х.Баасанжаргал нар асуулт асууж, үг хэлж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ шинжээчийн дүгнэлтэд дурдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тушаал, шийдвэр, санхүүгийн бусад баримтуудын талаар мэдээллээ бүрэн ирүүлээгүй шалтгаан, үнийн дүн зөрүүтэй байгаад салбарын яамнаас тайлбар хүссэн бол, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг 2008 оноос хойш хөдөө аж ахуйн салбарт долоон төрлийн урамшуулалд 979.9 тэрбум төгрөгийг зарцуулсныг дурдаад, эл сонсголын үеэр хөндөгдсөн 300 гаруй тэрбум төгрөгийн зөрүүтэй тоон мэдээллээ шинжээчид, салбарын яам цэгцэлж, нэгдсэн ойлголтод хүрэх нь зүйтэй гэсэн саналтай байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хариултдаа, шинжээчид салбарын тоон мэдээллийг бүхэлд нь бус зөвхөн хүнс, хөдөө аж ахуйгаар нь хязгаарлан танилцуулга хийснийг тодотгоод, 2026 оны наймдугаар сарын 14-ний өдрийн сайдын гарын үсэгтэйгээр 2008-2025 оныг хүртэл салбарт олгосон татаас, урамшуулал, хүүгийн хөнгөлөлт гээд 18 төрлийн урамшууллын бүх мэдээллийг хүргэсэн, урамшуулал бүгд шалгуур үзүүлттэй гэж байлаа.
Харин шинжээч хариултдаа, холбогдох журам, тогтоолд дүн буюу шалгуур үзүүлэлт байхгүй тул үр дүнтэй хэрэгжсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байсныг онцлоод, нэгдсэн дүн мэдээлэл зөрүүтэй байгаа нь салбарын яамнаас ирүүлсэн тушаалуудад л дүн шинжилгээ хийсэнтэй холбоотой гэж байлаа. Түүнчлэн шинжээч ирүүлсэн материалын хүрээнд тушаалуудыг нь шүүж үзэхэд, зарим нь дүн шинжилгээ хийхэд харагдах боломжгүй, хүндрэлтэй нөхцөл байдалд ажилласан гээд иймд 14 мянган хуудас материалыг нэг бүрчлэн шаардлага хангасан, хангаагүй гэж хэлэх боломжгүй хэмээв.