Нэг чигийн хөдөлгөөнтэй зам тавих боломжийг судална

Нийслэлийн Зам, тээврийн  асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүхээр ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өчигдөр зарим бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.

Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Нийслэл хүрээ өргөн чөлөө, Хүннүгийн гудамжийг холбох холбоос замуудыг бий болгох, Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас зүүн зүгт метр гаруй блокын системээр нэг чигийн урсгалтай авто зам тавих асуудлаар газар дээр нь очиж ажиллав.

Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас Их Монгол хорооллын зүүн хойд талын төмөр замын гарам хүртэл төмөр замтай зэрэгцээ 9-10 метрийн өргөнтэй трасс чөлөөлөх асуудлаар Зам, тээврийн  асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүх Улаанбаатар төмөр зам компанийн Хууль эрх зүй, эд хөрөнгийн хэлтсийн дарга  Захарава И.В –тэй уулзаж санал солилцлоо.

Тэрбээр “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор орц гарц нээх, трасс чөлөөлж нэг чигийн хөдөлгөөнтэй зам тавих боломжийг судалж албаныхан ажиллаж байна. Энэ хэсэгт ямар нэгэн газар олголтын мэдээлэл алга. Тухайн хэсэгт Ерөнхий төлөвлөгөөний албаныхан  газар доогуурх шугам сүлжээ бий эсэхийг судалж байгаа” хэмээлээ. Улаанбаатар төмөр зам компанийн Хууль эрх зүй, эд хөрөнгийн хэлтсийн дарга  Захарава И.В уг асуудлыг судалж үзээд хариу мэдэгдэнэ гэв.

Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас Их Монгол хорооллын зүүн хойд талын төмөр замын гарам хүртэл төмөр замтай зэрэгцээ 9-10 метрийн өргөнтэй трасс чөлөөлснөөр блокын системээр долоон метрийн өргөнтэй 1,20 км урттай нэг чигийн хөдөлгөөнтэй зам тавигдахаар төлөвлөгдөж байгаа аж. Мөн Нийслэл хүрээ өргөн чөлөө, Хүннүгийн гудамжны ачааллыг бууруулах зорилгоор Олимп хотхоны зүүн талаар Олонлог сургуулийн баруун тал хүртэлх болон Саруул хотхоноос урагшаа Олимпик виллаж хотхон, Энканто таун-1 хотхоны зүүн талаар 9-10 метрийн трасс чөлөөлөхөөр болов.