У.Хүрэлсүх: Үе үеийн Засгийн газар бага зардлаар урт зам барихыг илүүд үзэж ирсэн

Гачуурт-Налайхын 20.9 км замыг өнөөдөр нээлээ. Нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон бусад төлөөлөгчид оролцлоо.


Энэ үеэр Ерөнхий сайд “Нийслэлчүүдийн хувьд 2019 он Улаанбаатарын Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын чиглэлийн хурдны автозамыг барьж байгуулсан. Яармагийн шинэ гүүрг, хуучин гүүрийн шинэчлэлийн ажлыг хийж дуусгасан олон бүтээн байгуулалт хийсэн ажил байлаа. Налайхын зам 60 гаруй жил болсны улмаас зам бүхэлдээ эвдрэлд орж, хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл бчруулаад байсан. Автотээврийн осол их гардаг ачаалал ихтэй зам байсан. Олон жил энэ асуудлыг ярьсан ч энэ өдөр ажил хэрэг болж байгаад баяртай байна.

Үе үеийн Засгийн газраас бага зардлаар урт зам барихыг илүүд үздэг байсан. Харин одооноос ашиглалтын хугацаа урттай, чанартай зам барих, олон улсын жишигт ойртсон хийц, бүтэцтэй авто зам барьж байгуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Налайхын чиглэлд сайн зам тавигдсан. Өнгөрсөн зун их усархаг жил байлаа. Үүнтэй холбогдуулан замын ажилд 29 хоног алдсан ч монгол, хятадын ажилчид хичээнгүйлэн ажилласны үр дүнд хугацаандаа ашиглалтад оруулж байна.

Уг автозамыг өргөтгөн шинэчилснээр иргэд тав тухтай, аюулгүй зорчих нөхцөл бүрдэж байна. Гэхдээ энэ зам хурдны зам биш гэдгийг ойлгох ёстой. Замын цагдаагийн хамт олон ард иргэддээ сурталчлан таниулах шаардлагатай. Хэт хурдтай давхилгүй Замын хөдөлгөөний дүрмээ чанд сахиж оролцохыг иргэддээ уриажл байна. Бусдыг хүндэлж “дураараа биш дүрмээрээ зорчих”-ыг хүсье” гэв. Түүнчлэн иргэд Яармагийн гүүрээс Налайх, Цонжин Болдог хүртэлх дугуйн аялал хийх боломжтой болжээ.