Ш.Раднаасэд: Хүнийг гүтгэсэн эзэн холбогдогч олддог. Эрүүгийн хуулиар ял онооно.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсныг УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа билээ. Хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулж нийгэм, улс төрийн хүрээнд ялангуяа хуульчдын зүгээс өөрсдийн тайлбарыг хэлж байгаа юм. Тэдгээрийн олонхи нь энэхүү өөрчлөлтийг дэмжиж буй ч зарим заалтыг одоогийнхоос нь илүү боловсронгуй болгохыг хэлж буй. Үүнтэй холбогдуулж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ямар байр суурьтай байгаагаа өдөр тутмын Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр “Хардах эрхийг нь нээлттэй орхисон байна лээ. Сошиал орчинд хуурамч аккаунтаас хүний нэр төрд халдсан янз бүрийн зүйл, эсвэл нийгмийг бухимдуулсан, үнэнээс гажуудсан ташаа мэдээлэл их цацагддаг. Мэдээж Монгол Улсад цагдаа, тагнуул, кибер гэмт хэргийн алба тасаг ажиллаж байгаа учраас эзэн холбогдогч нь ил болж таарна. Тиймээс хуурамч аккаунтаас хүн гүтгэсэн тохиолдолд торгуулиас хорих ял хүртэлх арга хэмжээ авахаар Эрүүгийн хуульд оруулж байгаа юм билээ.

Гаднын орнуудад сошиал орчинд хэн, хаанаас юу бичиж байгаа нь ойлгомжтой, бүртгэл нь тодорхой байдаг. Харин Монголд л зуун задгай, жаран хагархай гэгчээр явж байна. Хүмүүс үг хэлэх эрх, хаалаа боолоо гэж шүүмжилж байна. Үг хэлж болно. Тэр эрх нь нээлттэй. Гагцхүү үнэнийг л бичих хэрэгтэй” гэсэн байна.