20 гаруй тонн Алтайн барагшуныг тээвэрлэж явсныг илрүүлжээ

Түүж бэлтгэхийг таван жилийн хугацаагаар хориглосон барагшуныг их хэмжээгээр тээвэрлэж явсныг илрүүлжээ. Эмээлтийн авто тээврийн товчоогоор Ховд аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж явсан 12-50 ХОА улсын дугаартай авто машин шалгахад 2017 оноос таван жилийн хугацаанд түүж бэлтгэхийг хориглосон 20 гаруй тонн Алтайн барагшуныг тээвэрлэж явсныг илрүүлж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шилжүүлсэн байна.

Барагшун нь Монгол орон төдийгүй дэлхийн олон оронд түгсэн уламжлалт эмчилгээний бүтээгдэхүүн юм. Энэхүү эмийн ховор, чухал түүхий эд далайн түвшнээс 2,500-4,300 метрийн өндөрт байдаг хар хүрэн, тослог өвөрмөц үнэртэй ургамал ажээ. Барагшун хадны ан цав болон түүний гадаргаас нарны элчинд халж, шүүрэн гардаг байгалийн идэвхтэй шимт бүтээгдэхүүн.