Сарлагийн 100 хувь эко бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж байна

 

 

Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газраас Тэнгэр бөөний худалдааны төвийн зааланд Сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн худалдааг өнөөдрөөс зохион байгуулж байгаа юм байна. Ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд сарлагийн 100 хувийн эрүүл цагаан идээг худалдаалах аж. Энэ талаар тус сумын Засаг дарга Г.Алтан-Очироос тодруулахад “Ханиад томуутай, коронавирусээс үүдэж хөл хорио тогтоосон болохоор Тэнгэр худалдааны төвд үзэсгэлэн зохион байгуулж байна. Зорилго нь иргэдийн дархлааг дэмжсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн худалдаалах юм. Үзэсгэлэнд Тариат сумын 20 гаруй иргэдийн төлөөлөл оролцож байна. Үнэ ханшийн хувьд харьцангуй боломжийн байгаа. Өмнө нь Бөхийн өргөөнд зохион байгуулдаг байсан. Харин энэ удаад хөл хорио тогтоосон учраас Тэнгэр бөөний худалдааны төвийн дотор зааланд зохион байгуулж байгаа юм. Нэг зүйлийг онцолж хэлэхэд ченжүүд малчдын гараас цагаан идээ худалдаж авсныхаа дараа гурилтай хольдог зардаг тохиолдол цөөнгүй. Үзэсгэлэн худалдааны үеэр малчдын гар дээрээс шууд цагаан идээгээ авах тийм асуудал гарахгүй” гэлээ.