Д.Нарангэрэл: Хоёроос дээш хүнийг бөөгнөрөл гэж үзнэ

Үргэлжлүүлэн гэртээ өөрийгөө тусгаарлаж байгаа иргэд журмаа зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно гэдгийг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллийнхээ үеэр онцоллоо. Тэрбээр “Хоёроос дээш хүнийг бөөгнөрөл гэж үзнэ. Хоёр хүн хоорондоо уулзахдаа хоёр метрийн зайнаас харьцах нь зүйтэй гэж ДЭМБ-аас зөвлөж байна. Мөн COVID-19 халдвараар өвчилж эмчлэгдсэн иргэн болон эмнэлэг болон тусгаарлалтад байсан иргэн үргэлжлүүлэн тусгаарлах шаардлагатай. Эдгээр иргэдийг аль болох гэр бүлийн гишүүдээс хол байлгах, гадуур явуулахгүй байх, ахуйн хэрэгслийг тусгаарлах шаардлагатай. Хэрэв уг шийдвэрийг мөрдөөгүй бол Зөрчлийн тухай хууль болон Эрүүл мэндийн тухай хуулиар арга хэмжээ тооцно” гэсэн юм.