Тагнуулын даргын зөвшөөрөлгүйгээр генерал Б.Хурц мэдээлэл өгөхгүй гэжээ

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газраас Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг энэ сарын 23-нд хойшлуулшгүйгээр баривчилгаа хийсэн билээ. Энэ тухайгаа “Одоогоор түүнийг цагдан хорихтой холбоотой шүүхийн шийдвэр гараагүй байна. АТГ дээр 2002 оны эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл "Гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар зөрчих" гэдэг заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож өнгөрсөн Баасан гаригт мөрдөн байцаах албанд шилжүүлэн ирсэн байгаа. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Уг хэрэгтэй холбогдуулан өчигдөр Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан. Үргэлжлүүлэн цагдан хорих саналыг прокурорын газарт санал хүргүүлсэн. Одоо үргэлжлүүлэн цагдан хорих асуудлыг шүүх шийдвэрлэнэ" гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм.

Зарим эх сурвалжийн хэлснээр тагнуулын экс дарга Б.Хурцаас авах байцаалт нь улсын нууцтай холбоотой асуудлыг хөндсөн учраас Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн гарын үсэг бүхий зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдүүлэг өгөхгүй гэсэн бололтой. Цагдаагийн байгууллагаас Б.Хурцыг үргэлжлүүлэн саатуулах тухайгаа прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа юм.