НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Их, дээд сургуулийн элсэлт эхэллээ
Улс орон даяар энэ сарын 19-22-нд ЭЕШ-ыг зохион байгуулж, нийт 82 шалгалтын байранд 40420 шалгуулагчийн хуваарилажээ. Шалгалтын дүн гарсан тул өнөөдрөөс их, дээд сургуулийн элсэлт эхэлнэ гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Энэ удаагийн ЭЕШ-д нийгмийн ухааны хичээлээр хүүхдүүд өндөр оноо авсныг БҮТ-ийн захирал Л.Ганбат хэлсэн юм. Шалгалтын сэдэв, материал задраагүй, харин хориглох зүйлс зөрчсөн хэд хэдэн тохиолдол гарсныг тэрбээр онцолсон. Тухайлбал, танхимд гар утас, тооны машин зэрэг эд зүйлс авч орох гэсэн оролдлого цөөнгүй гарчээ. Нийт 16 мянга гаруй гар утас шалгалтад орохын өмнө хурааж авсан байна. Түүнчлэн хоёр утастай шалгуулагчид нэг утсаа хураалгаж, нөгөө утсаа авч орох гэсэн оролдлого ч гарчээ. Химийн шалгалтын үеэр нэг шалгуулагч утастай орж 57 дахь минутад зураг авч, нийгмийн сүлжээнээс тусламж гуйсан байсныг нь тогтоосон. Тухайн шалгуулагчийн оноог хүчингүй болгожээ.
Мөн нийгмийн ухааны хичээлийн шалгалтын материалыг шалгалт дууссанаас 50 минутын дараа нэг багш цахим хуудаст тавьсан байна. Журмын дагуу материалаа танхимд үлдээх ёстой учир авч гарсан сурагчийн оноог хүчингүй болгох асуудлыг ярилцаж байгаа аж.
Түүнчлэн нийслэлийн 4, 39 дүгээр сургууль, Баян-Өлгий, Завхан аймагт шалгалтын журам зөрчсөн байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт багш нь материал дээр нь туслахыг оролдсон. Улаанбаатар болон Завхан аймагт өөрийнхөө оронд өөр хүн оруулахыг оролдсон тохиолдол гарчээ.
Цар тахлын үед халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой дэглэмийн хүрээнд явуулснаараа энэ удаагийн ЭЕШ онцлог. Ноднингийнхтой харьцуулахад, ирцийн хувь ойролцоо байгаа бөгөөд, бүртгүүлсэн ч шалгалтдаа очоогүй хүмүүсийн дийлэнх нь өмнөх оны төгсөгчид байжээ.
Шалгалтын ирцийн тухайд:
- Биологи 88 хувь,
- Математик 89 хувь,
- Хими 91 хувь,
- Газар зүй 77 хувь,
- Нийгэм судлал 91 хувь,
- Монгол Улсын түүх 75 хувь,
- Англи хэл хувь,
- Физик 88хувь,
- Орос хэл 75 хувь,
- Монгол хэл 82 хувийн ирцтэй хамрагджээ.
Нийгэм судлалын хичээлийн ЭЕШ-ын оноонд иргэдэд буруу ойлголт төрсөн талаар БҮТ-ийн захирал Л.Ганбат залруулав. Шалгуулагчийн гүйцэтгэлийн оноо өндөр байх ч хэмжээст оноо нь бага байгааг иргэд шүүмжилж цахим орчинд маргаан үүссэн юм. Тодруулбал, нийгэм судлалын хичээл дээр 90 оноо авсан байхад хэмжээст оноо нь 690 байсан юм. Харин математикийн хичээлээр 90 оноо авсан шалгуулагчийн хэмжээст оноо 750 байгааг иргэд харьцуулсан.
Үүнд БҮТ-өөс "Иргэд нийгэм судлалын хичээлийг бусад хичээлтэй харьцуулан буруу ойлгож байна. Тус хичээлээр өндөр оноо авсан шалгуулагч олон бий. Тухайлбал, хамгийн өндөр буюу 100 оноог 31 шалгуулагч авсан бол 45 нь 99 оноотой байсан. 90-ээс дээш оноо авсан 1100 орчим шалгуулагч байгаа юм. Түүнээс гадна хамгийн бага буюу 0-20 оноо авсан шалгуулагч мөн их байна. Тиймээс дундаж тархалт нөлөөлж хэмжээст оноонд ойлгомжгүй байдал үүссэн. Гүйцэтгэлийн хэмжээс буюу 200-800 оноонд шилжүүлэхдээ бид олон улсын шалгалтын аргачлалыг ашигладаг. Тодруулбал, уг хичээлээр шалгалт өгч буй хүүхдийн тоо, улсын дундаж, стандартаас хамаарч хичээл бүр дээр хэмжээст оноо харилцан адилгүй гардаг" гэлээ.
Коронавирусний халдвар авч, тусгаарлалтад байгаа шалгуулагчаас есдүгээр сарын 2-5-ны өдөр шинэчлэн боловсруулсан материалаар шалгалт авах төлөвлөгөөтэй байгаа аж. Төлөвлөгөө батлагдвал, тухайн сурагчийн эмчийн бичгийг үндэслэн шалгалтад оруулах юм байна.