С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Рио Тинтогоос ирүүлсэн захидал чухал болохыг Ерөнхий сайд онцолжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Рио Тинто компаниас ирүүлсэн албан захидлыг Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулжээ.
Уг асуудлын талаар Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо Оюу Толгой компани хоёр удаа зардлаа хэтрүүлсэн. Анх ил уурхайд зардлаа хэтрүүлэхэд манай тал хүлээн зөвшөөрсөн. Харин гүний уурхайн зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар нэмэгдсэн. Үүний шалтгааныг хөндлөнгийн шинжээчдээр шалгуулахад 157 хуудас, дэлгэрэнгүй дүгнэлт бидэнд өгcөн. Дүгнэлтэд санхүүгийн аудит хийлгэхийг зөвлөсөн. Бид цаашдаа Оюу Толгой компанид хяналт тавьж ажиллах ёстой. Оюу Толгой компанийн байгуулсан Тусгай хороо маш сайн ажиллалаа. Үүнтэй адил төсөлд хяналт тавих чиг үүрэгтэй хороо ажиллах бүрэн боломжтой. Төслийн үйл явцад хяналт тавьж, өдөр тутам мэдээллээр хангадаг байх ёстой. "Эрдэнэс Оюутолгой" компанид Оюу Толгойгоос өгдөг мэдээлэл маш ерөнхий байна. Иймд нарийвчилсан мэдээлэл авдаг байх саналаа тус компанид гаргасан. Татварын хоёр акттай холбоотой маргаан Лондоны Арбитрын шүүхэд үргэлжилнэ. Энэ маргааныг бид биш Оюу Толгой компани эхлүүлсэн. Рио Тинто групп 350 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөг төллөө гээд энэ маргааныг зогсоохгүй” гэлээ.
Гүний уурхайн ашиглалт хойшилсноор Монгол Улсын төсөвт сөргөөр нөлөөлсөн. Цар тахлын улмаас улсын төсөв буурсан учраас хөрөнгө оруулагчид манайд төлөх ногдол ашгийг урьдчилан төлөх санал тавьсан ч судлах шаардлагатай гэж манай тал үзэж байна. Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн энэ захидал хэлэлцээрийн явцад чухал болохыг онцлоод ажлын хэсэг сайн судлаад, хэлэлцээрийн ширээний ард суухыг үүрэг болголоо.