Б.Батдаваа: Үндэсний хэмжээнд өгөгдлийн засаглал, экосистемийг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
Даатгалын компаниудын хөрөнгө 16.4 хувиар өсөж, 771.3 тэрбум төгрөгт хүрчээ
Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны үйл ажиллагааны тайланг тус хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун танилцуулсан юм. Тайлант онд зохицуулалттай 11 салбарын 5930 этгээдийн үйл ажиллагаанд зохицуулалт, хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 4787 хуулийн этгээд, иргэд, 1143 нь даатгалын төлөөлөгч ажээ. Мөн биржийн зах зээлд 323.6 тэрбум төгрөгийг, биржийн бус зах зээлд 125 үнэт цаас гаргагчийн 1.6 их наяд төгрөг, 63.9 сая ам.долларыг, Монголын хөрөнгийн бирж, Улаанбаатар үнэт цаасны бирж, биржийн бус зах зээлд 2025 онд давхардсан тоогоор нийт 2.1 их наяд төгрөгийг бондын зах зээлээс татан төвлөрүүлсэн байна.
Даатгалын салбарын зохицуулалтын орчин идэвхтэй шинэчлэгдсэн. Энэ салбарын зохицуулалтын шинэчлэл нь санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлжээ. Учир нь даатгалын хураамжийн орлого тогтмол өсөлттэй, даатгалын компаниудын хөрөнгө өмнөх онтой харьцуулахад 16.4 хувиар өсөж, 771.3 тэрбум төгрөгт хүрсэн, даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ өсөхийн зэрэгцээ даатгалын бүтээгдэхүүний төрөл, хамрах хүрээ өргөжсөн нь иргэд, аж ахуйн нэгжийн эрсдэлийг даатгалаар хамгаалах боломж нэмэгдэж, эрсдэлийн хамгаалалт бодитоор сайжирсан. Даатгалын компаниудын хөрөнгийн зах зээлд оруулсан хөрөнгө оруулалт 87.5 тэрбум төгрөг хүрч, 5 даатгалын компани олон нийтэд нээлттэй, хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа эрхэлж байгаа.
Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн зах зээлийн олон талт бүтээгдэхүүн, үйлчилгээ, зах зээл хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор эрх зүйн орчны шинэчлэлийг шат дараалан хэрэгжүүлж, урт хугацааны даатгалыг хөгжүүлэх, бичил санхүүгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн өргөжүүлэх, хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулж, хөрөнгө оруулагчид чиглэсэн санхүүгийн хэрэгслийг төрөлжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурсан үзүүлэлттэй байна.
Мөн санхүүгийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих, их өгөгдөлд суурилсан хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, ногоон санхүүжилт болон хариуцлагатай хөрөнгө оруулалтыг дэмжих, иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, гадаад, дотоод эрсдэлийн үед салбарын тогтвортой байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд даатгалын багц хуулийн төслийг боловсруулж, бичил санхүүгийн салбарын эрх зүйн орчныг Факторингийн тухай, Санхүүгийн түрээсийн тухай, Хамтын санхүүжилтийн үйлчилгээний тухай хуулиудаар боловсронгуй болгох, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын сангийн тухай (REIT), Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Санхүүгийн зохицуулах хороо 2025 онд 160 арга хэмжээг гүйцэтгэхээр төлөвлөгөөндөө тусгаж, гүйцэтгэлийг 95.0 хувьтай гэж үнэлэн “бүрэн хангалттай” хэрэгжсэн гэж дүгнэжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, О.Батнайрамдал, Л.Соронзонболд нар асууж, тодруулсан. Гүйцэтгэлийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг оновчтой тодорхойлж, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулах, цаашид төлөвлөлтийн алдаа, зөрчлүүдийг давтан гаргахгүй байхад анхаарах шаардлагатай талаар хэлэлцүүлгийн үеэр сануулж байлаа. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийг чиг үүргийнхээ дагуу ажиллаж, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаанд тавих хяналтаа сайжруулах, тайланг танилцуулахад Хяналтын зөвлөлөөс төлөөлөл байлцуулдаг байх шаардлагатайг хуралдаан даргалагч Л.Соронзонболд онцолсон юм.