Мэндчилгээн дундаас цухуйлгасан Дахин сэргэлтийн бодлого

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсныхоо дараа 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарлаж, баталсан нь энэ оны хоёрдугаар сар. Хөтөлбөрийн хүрээнд цар тахлаас улбаалсан 5.3 хувийн уналттай эдийн засгийг 6.3 хувиар өгсөж, болзошгүй эрсдэлээс 246 гаруй мянган ажлын байрыг хамгаалснаа тэрбээр өнөөдөр зарлав. Зарлав ч гэж хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулж дэвшүүлсэн мэндчилгээндээ цухас дурдаад өнгөрлөө.

Үүгээр зогсохгүй өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх Дахин Сэргэлтийн бодлогыг баталсныг дуулгав. Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлийг шинэ түвшинд гаргах багц хуулийн төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж, дэмжлэг хүлээсэн бололтой. Өөрөөр хэлбэл, 10 их наядын хөтөлбөрийн араас Дахин сэргэлтийн бодлого баталсныг удахгүй парламентад өргөн барих нь. Харин тэрхүү бодлогод эдийн засаг, хөрөнгө оруулагчдыг чиглэсэн ямар цогц төлөвлөгөө, шийдэл багтсан нь одоохондоо тодорхойгүй байна.

Г.Эрхэс