Э.Батшугар бахь байдгаараа үлдэх үү?

МАН-ын Удирдах зөвлөл 16.00 цагт хуралдахаар товложээ. Үргэлжлүүлэн 17:00 цагт Бага хурлаа хуралдуулах хуваарьтай. УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах агуулгатай учраас хурлын уур амьсгал бүхэлдээ нэр бүхий хүнийг фокуслах нь мэдээж. Нөхөн сонгуульд албан ёсоор нэр дэвшигчдийг тодруулаагүй ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс намын батлахаа гардсан хуульч Л.Батжав Хэнтийд, НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулуун Сонгинохайрханд нэр дэвшихээ албан бусаар илэрхийлсэн. Ямар ч байсан Хэнтий аймагт өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай хүнээр тодорч асан Төрийн тэргүүний шадар хүн Н.Энхбаатар нэр дэвшихгүй гэдгээ хэвлэлээр дамжуулан зарласан. Уг шалтгаанаа одоогийн эрхэлж буй Нарийн бичгийн даргын алба нь хангалттай хэмээн даруухан тайлбарласан байна лээ.

Гэхдээ эцсийн шийдвэрийг Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй Удирдах зөвлөлөөс ёсчилж, Бага хурлаар батламжлах учраас хэний нэрийг дэвшүүлэх нь одоохондоо бүрхэг. Гагцхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Н.Энхбаяр хэмээх улстөрчийн орон зай, МАХН гэсэн “брэнд”-ийн үнэ цэнээр МАН-тай нэгдсэний хариу тохироо өнөөдрийн Удирдах зөвлөл, Бага хурлаар албажих уу? гэдэг нь цаг хугацааны л асуудал болж байна. Ийн тодотгосны учир нь хүү Батшугараа төр түшилзүүлэх Н.Энхбаярын нүүдэл Бай-ндаа тусах эсэхийг МАН-ын толгой байгууллагын шийдвэр дэнслэх юм.

МАН-д МАХН дагаар орж, татан буулгах шийдвэр гарсны дараа “Намын албан тушаалд МАХН-ын квот байгаа. Ойролцоогоор 30 орчим хувь ч гэдэг юм уу. МАХН-ын гишүүдээс МАН-ын Удирдах зөвлөлд найм, бага хуралд 110, нийслэл, аймгийн намын хорооны тэргүүлэгч гишүүнээр тус тус зургаа, сумын болон дүүргийн намын хорооны тэргүүлэгчээр дөрвөн хүн очно. Улсын хэмжээнд намын албан тушаалд МАХН-ын төлөөлөл болсон 2,100 орчим хүн ажиллах юм. Гэхдээ энэ бол бидний дотоод асуудал” гэдгийг тус намын дарга асан Н.Энхбаяр мэдэгдэж байв.

Энэ хүрээнд МАН-д тодорхой хэмжээний албан тушаалын хуваарилалт хийж татан буугдсан МАХН-ын шошготой Б.Тулга орон тооны Нарийн бичгийн дарга болсон. Сүүлд МАН-ын дунд шатны гол хөшүүрэг болсон НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчийн албанд Э.Батшугарын томилсон байдаг. Үүгээр улстөрч Н.Энхбаярын МАН-тай хийсэн тохироо албан ёсоор хэрэгжиж эхэлсэн мэт боловч Засгийн газарт сэлгээ оруулах сайдын квот нь хараахан эцэслэгдээгүй, хүү Э.Батшугарыг нь нөхөн сонгуульд нэр дэвшигчээр явуулах эсэх нь түүний цорын ганц болгоомжлол.

Цаашлаад МАН+МАХН-ын механик нэгдлийн хүрээнд хийж эхэлсэн бялууны зүсэмнээс НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч хүртэл албан тушаалд хүрсэн Э.Батшугарыг нэмээд УИХ-ын гишүүн хүртэл өргөх үү? гэдэг нь цэвэр тус намын Удирдах зөвлөл, Бага хурлаас шалтгаалах нь. Ардын Намын дэмжлэг, аавынх нь тохироо ёсоор Сонгинохайрханд өрсөлдөгчгүй тодрох хүн нь Э.Батшугар байж болох ч бахь байдгаар нь үлдээх эрх, эцсийн шийдвэр Бага хуралд хадгалагддаг гэдгийг санах хэрэгтэй.

Г.Эрхэс