С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ч.Номин: Соёлын яамны албан бичгийг монгол бичиг болон кириллээр гаргана
Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн есдүгээр сарын 1-нийг “Эх хэлний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон. Энэ хүрээнд Соёлын яамнаас "Хос бичигтэн яам" арга хэмжээний нээлтийг зохион байгууллаа. Мөн монгол бичгийн товхимол болон контент гаргах зэрэг нийт 11 ажлыг хийхээр төлөвлөснийг салбарын сайд Ч.Номин онцолсон юм.
Тэрбээр “Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсын нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд эх хэлний өдрийг жил бүрийн энэ өдөр тэмдэглэхээр болсон. Засгийн газрын монгол бичгийн үндэсний хөтөлбөрт заасны дагуу 2025 оноос эхлэн төрийн байгууллагууд албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар тогтсон юм.
Энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Үндэсний түүх хэл соёл, зан заншил, өв уламжлалыг хадгалж, тээж өвлүүлэх нь нэгдмэл үнэт зүйлсийг бэхжүүлэх амин сүнс болно. Эрт үеэс монгол бичгээр төрийн үйл хэрэг, шинжлэх ухааны бүтээлүүдийг туурвиж ирсэн түүхтэй. Монгол хэл, соёлоороо төрийн албан хэргээ хөтлөн авч явах нь бидний үүрэг.
Хүн төрөлхтний түүхэнд оруулсан томоохон хувь нэмрийн нэг монгол үндэсний бичиг. Үүнийг бид дэлхийд авч үлдэж, түгээн дэлгэрүүлэх нь амин чухал үүргийн нэг. Цаашид өөрийн өв соёл, уламжлалаар бахархдаг, түгээн дэлгэрүүлж уламжлал, шинэчлэлийг хослуулан авч явдаг залуусыг бий болгохийн төлөө хамтдаа ажиллацгаая.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Соёлын яамнаас “Хос бичигтэн яам” болох санаачилгыг төрийн байгууллагуудаас түрүүлж гаргаж байна. Энэ онд Соёлын яамны нийт ажилтан албан хаагчдыг бүрэн хэмжээнд монгол бичгийг ашиглах боломжтой болгоно. Судалгаа хийхэд 78 хувь нь ямар нэгэн байдлаар монгол бичгийн сургалтад хамрах шаардлагатай байгааг харууллаа. Тиймээс эхлээд сургалтаа явуулна. Ирэх оноос аль болох Соёлын яамнаас гарах албан бичгийг монгол бичиг болон кириллээр гаргахаар ажиллаж байна.
Соёлын өвийн гэмт хэрэгтэй урьдчилсан тэмцэх, сэргийлэх цагдаагийн нэгж байгуулах санаачилга гаргасан. Үүнийг Хууль Зүйн яамтай хамтран дараа жилийн буюу 2022 оны төвсөлт оруулан явуулах болно. Мөн энэ нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан.
Чингис хааны музейн барилгыг энэ сард ашиглалтад оруулна. Музейн үйл ажиллагааг ирэх оны дундуур нээхээр төлөвлөж байна. Соёлын сайдын хувьд гурван бодлогыг баримтлана.
-Нэгдүгээрт, бүх нийтийн соёлын боловсрол
-Хоёрдугаарт, Үндэсний нэгдмэл үнэт зүйл
-Гуравдугаарт, Соёлыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого байна.
Соёл гэдэг ямар нэг байдлаар хэрэглээнд орж байж урт удаан хугацаанд оршин тогтноно. Соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулж эдийн засгийн эргэлтэд оруулна. Соёл урлагийн байгууллага, холбогдох хуульд музейн эд зүйлстэй харьцдаг ажилтан албан хаагч, олон жил энэ салбарт ажилласан хүмүүст урамшуулал олгох заалт орсон.
Судалгаагаар төрийн соёлын үйлчилгээний байгууллагад ажилладаг 7000 хүний талаас илүү нь өөрийн гэсэн орон сууц байхгүй байна. Oрон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ чиглэлээр төрийн соёл урлагийн байгууллагын ажилчдыг дэмжинэ” гэдгийг хэллээ.