НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Н.Сувд: Жуковын талбайд “Алунгоо” эхийн хөшөө бүхий музей барихаар тохирсон
Засгийн газрын зургадугаар сарын 1-ний ээлжит бус хуралдаанаар Жуковын талбайн газар буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрладаг газрыг чөлөөлөх үүргийг өгсөн. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдэд өгөгдсөн газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалж, нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон юм. Улмаар өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар газрын асуудлыг шалгаж үзээд дахин танилцуулах үүргийг хотын даргад өгөөд буй. Нэг үгээр шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар асуудлыг шалгуулах боломжтой эсэхийг Засгийн газрын хуралдаанд дахин танилцуулахаар болсон юм.
Тэгвэл хөшөөний арын талбайн газрын асуудлаар Ардын жүжигчин Н.Сувд мэдээлэл хийлээ. Тус газрыг таван компани эзэмшдгийн нэг нь түүний тэргүүлдэг “Монголын саран ээж нийгэмлэг” ТББ юм.
Тэрбээр “2001 оны Удирдах зөвлөлийн хурлаас үе үеийн алдар, цуутай ээжүүдийг таниулахаар “Ээж” музейг ажиллуулах, музейгээ дагаад иргэдийг боловсруулах, гэгээрүүлэх ажиллагаа хийе гэсэн санал гарсан. Үүний дагуу төсөл бичин, зураг гаргасан. Нийслэлээс газрын асуудлыг шийдвэрлүүлэх санал тавихад Жуковын хөшөөний арын энэ газрыг олгосон байна.
Музейг барих ажлыг эхэлсэн түүхтэй. 2006, 2007 онуудад музейн суурийг тавьсан. Үүний дараа Баянзүрх дүүргээс музейн газрын суурьтай нь тулгаад дөрвөн компанид газар олгосон. Улмаар хотын захиргаанаас тэр газар дээр 13 давхар орон сууж барих зөвшөөрөл өгсөн. Тиймээс музейн ажил зогсож, олон маргаан гарч шүүхдэж эхэлсэн. Гэтэл шүүхээс энэ дөрвөн газрыг хууль, дүрэм зөрчөөгүй байна гэж үзэж байгаа учраас хамтарч ажиллах шаардлагатай гэсэн юм.
Удирдах зөвлөлийн хурал хийж, тэр дөрвөн компанитай хамтран ажиллахаар болсон. Ингэхдээ төв гудамжаас харагдах пасадтай, “Алунгоо” эхийн хөшөөтэй байхаар тухайн дөрвөн компанийн барилгын урд хэсэгт байхаар тохирсон.
Сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ газартай танилцаж, олон давхар барилга барих зохимжгүй учир хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан ногоон байгууламжтай байх хэрэгтэй гэсэн чиглэл өгсөн юм билээ. Үүнийг бид баяртайгаар хүлээж авсан. Ингээд бид нөгөө дөрвөн компанитай уулзахад бид энэ төслийг дахин шинэчилж, өөрчлөх боломжгүй, харин гаргасан энэ их зардлаа яах вэ гэдэг асуудал байна гэсэн. Энэ асуудлыг шийдэхээр олон аргаар үзсэн ч чадаагүй.
Энэ төслийг үргэлжлүүлэх "Мөнхийн сайн санаа" компаниас ирж уулзаад, энэ ухсан газрыг буцааж булахад маш их мөнгө гарах юм байна. Бидэнд ийм санхүүгийн боломж байхгүй гэдгийг хэлсэн. Хэсэг хугацааны дараа бид тэр дөрвөн компанитай хамтран ажиллах боломжтой юм байна, бидний төслийг танилцуулж өгөөч гэсэн юм. Тэдний төсөл нь тэр газрыг гарааш болгоё, спорт цогцолбор, хүүхдийн тоглоомын талбай баръя гэсэн. Ингээд энэ төсөлдөө оршин суугчдын 80 хувийн дэмжсэн гарын үсгийг авсан байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд юу нь болохгүй байгааг ойлгохгүй байгаа” гэсэн юм.