С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Туул: Хоолыг өнгө хослуулж, хэлбэр дүрс оруулж хийж өгвөл идэх дуршил нэмэгддэг
НЭМҮТ-ийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Туул "Цэцэрлэгийн насны хүүхдийн хооллолт" сэдвээр мэдээлэл өглөө.
Цэцэрлэгийн насны хүүхдийн хооллолтын онцлогийн тухайд тэрбээр "Тухайн нас буюу 2-5 насанд хүүхдийн өсөлт эрчимтэй явагддаг. Жишээлбэл, 2-5 насны хүүхдүүд жилд дунджаар 7-8 см өсөж, биеийн жин нь 1.8-2.7 кг-аар нэмэгддэг.
Иймээс 2-5 насны хүүхдийн хооллолтод маш сайн анхаарч, хүүхдэд эрчимтэй өсөлт хөгжилтөд хангалттай хэмжээний шим тэжээллэг хоол өгөх хэрэгтэй.
Мөн зөв, зохистой хооллож сурах дадал бага наснаас тавигддаг. Иймд хүүхдээ багаас нь олон төрлийн хүнс хэрэглэж сургах, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ хэрэглүүлж сургах зэрэг зохистой хооллолтын дадал хэвшилд сургах нь зүйтэй" гэлээ.
Хүүхдийн хоол идэхэд зөөлөн, давс султай байх хэрэгтэй
2-5 насны хүүхдийн хоол ямар байх хэрэгтэй вэ? талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.
Энэ насны хүүхдүүд зарим тохиолдолд хоол идэх дургүй байдаг. Иймээс хоолны дуршлыг нь сайжруулахын тулд хоолыг өнгө хосолсон, тод гоё өнгөтэй хийх, хэлбэр дүрс оруулж өгвөл хүүхдийн хоолны дуршил нэмэгддэг. Мөн хурц үнэргүй, идэхэд зөөлөн, давс султай, бага хэмжээтэй, халуун бүлээн байх хэрэгтэй. Хүүхдийг хүчээр хоол идүүлэх гэж шаардах, хүчлэх хэрэггүй. Бага багаар дасгаж өгөх хэрэгтэй.
Хүүхэд хооллох орчин нь ая тухтай, анхаарал сарнихааргүй байх учиртай. Жишээлбэл зурагтаа унтраах, хүүхдээ хооллохдоо гар утсаа оролдохгүй байх, хүүхдийн анхаарал сарних зүйлсийг хийхгүй байхад эцэг эхчүүд анхаарах нь зүйтэй гэдгийг хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Туул зөвлөлөө.