Инфографик: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит болон 2022 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталлаа. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, С.Чинзориг нарын гишүүд орж ажиллалаа.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль 5 бүлэг, 37 зүйлтэй бөгөөд Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицууллаа. Товч дурдвал:

Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн албадын тухай” 181 дүгээр Конвенцын үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг шинэчлэн тусгасан. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийг эх орондоо эргэн суурьших боломжийг бүрдүүлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой төрийн байгууллагын хүлээх үүргийг тодорхой тусгаж, зуучлагчийн үүрэг, оролцоо, хариуцлагыг нэмэгдүүллээ.

Тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулсан, санхүүгийн болон хүний нөөцийн чадавхтай, хариуцлагатай хуулийн этгээдэд олгож, Монгол Улсын иргэний эрх, ашиг сонирхол зөрчигдөхөөс сэргийлэх, учирсан хохирлыг бууруулах, барагдуулах асуудлыг шинээр тусгасан. 

Төрийн байгууллагын үйлчилгээнд цахим засаглалыг нэвтрүүлэх зорилго, зорилттой уялдуулан хуулийн төслийн хүрээнд олгох тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийг үйлчилгээг цахим систем ашиглан үзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг шинээр тусгасан. 

Хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах, зөв зохистой зохицуулах зорилгоор ажил олгогч эхний ээлжинд дотоодоос ажилтан авч ажиллуулах шаардлагыг шинээр тусгасан. Ингэснээр ажлын байрны захиалгаа мэдээллийн санд байршуулж, ажилтнаа идэвхтэй хайсан боловч ажлын байр сул хэвээр байгаа тохиолдолд ажил олгогч гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлдэг болно. 

Гадаадаас ажилтан гол шалгуур нь дотоодоос ажилтан авах ажлын байрын зараа 14 хоногоос доошгүй хугацаанд байршуулах, дотоодоос ажилтан авч чадаагүй тохиолдолд дараагийн ээлжинд гадаадаас ажилтан авах зохицуулалтыг тусгасан.

Мөн гадаад ажилтан ажиллах ажлын байрны ангилал, төрлөөс хамаарсан зөвшөөрлийн тогтолцоог бүрдүүллээ. Гадаадаас ажилтан авсан ажил олгогч ажилтны хөдөлмөрлөх эрхийг хүндэтгэх, дотоодын ажил хайгчийг гадны өндөр ур чадвартай ажилтныг дагалдуулан сургах замаар өндөр ур чадварыг эзэмшүүлэх үүргийг хүлээхээр шинээр тусгасан.

Гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлсэн ажил олгогч гадаад ажилтны 30-аас доошгүй хувьтай тэнцэх ажилтныг бүртгэлтэй ажилгүй иргэдээс сонгон авч дагалдан сургах гэрээ байгуулан хэрэгжүүлэхээр тусгасан. 

Гадаад ажилтан авч ажиллуулж байгаа байгууллага, гадаадын ажилтны хууль тогтоомжийг сахих биелүүлэх, соёл, ёс заншилд хүндэтгэлтэй хандах талаар тавигдах хяналт, хариуцлагыг нэмэгдүүлсэн. 

Гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл, нөхцөлийг журмаар бус хуульд тусгайлан заасан. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагч, багш, эмч, мэргэжлийн дасгалжуулагч, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг, мөн Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлтэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтад гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд Засгийн газар ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөлж болох зохицуулалтыг тусгасан.

Монгол Улсын иргэн гадаадад эзэмшсэн мэргэжил, ур чадвараа тухайн улсад баталгаажуулаагүй тохиолдолд Монгол Улсад холбогдох байгууллагаар тогтоолгож баталгаажуулж болохоор тусгалаа.

Хууль батлагдсанаар мэргэжилтэй, ур чадвартай хүний нөөцийг нэмэгдүүлэх, дотоодын ажиллах хүчийг бүрэн ашиглах, ажилгүйдлийг бууруулах, ажлын байр нэмэгдэх боломжийг бүрдүүлэх төдийгүй гадаадад ажиллаж байгаа иргэдийн гэр бүлийн тогтвортой байдлыг хамгаалах, эх орондоо эргэн суурьшихыг дэмжих зэрэг нийгэм, эдийн засгийн үр нөлөөтэй юм.