С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Амармөрөн: Тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Он гарснаас хойш өнжмөл шар өвс шатаасантай холбоотойгоор 54 дуудлага ирсэн. Үүнийг өмнөх онтой харьцуулахад 2.5 дахин өссөн байна. Хоёр жилийн өмнө гагнуур хийж байснаас оч үсэрч, Гоодойн аманд зуслангийн байшин шатаж, тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан” гэв. Иймд иргэдийг аялж, зугаалах болон өнжмөл шар өвсөө цэвэрлэхдээ анхаарал болгоомжтой байхыг санууллаа.
Нийслэлийн Онцгой байдлын газарт 2022 онд ирсэн аюулт үзэгдэл, ослын дуудлагын 609 буюу 94.7 хувийг объектын гал түймэр, нэг буюу 0.2 хувийг ой, хээрийн түймэр, 33 буюу 5.1 хувийг ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага эзэлжээ. Түүнчлэн 2022 оны нэгдүгээр улиралд тохиолдсон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 663 хүний амь нас, иргэд аж ахуй нэгж байгууллагын 2.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас ой, хээрийн түймрийн хор хохирлыг таниулах, түймрээс урьдчилан сэргийлэх арга замыг сурталчлах, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, хууль эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор “Алдвал галдана” нөлөөллийн II аяныг гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлүүлсэн. Аяны хүрээнд иргэдэд цахим орчинд ой, хээрийн түймэр, шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгож, хүн ам олноор цуглардаг томоохон үйлчилгээний төвүүдэд нэгдсэн арга хэмжээнүүд зохион байгуулах юм.
Хуурайшилтын улирал үргэлжилж байгаа тул иргэн та ногоон бүсэд зорчихдоо асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтрааж, галын аюулгүй байдлаа хангах, айл өрхүүд халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх хэрэгтэй. Мөн хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.