С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“Мянганы суут хүн Чингис хаан” цогцолборт 19 сая ам.доллар гаргана
ОХУ, БНСУ, БНХАУ, Монгол Улсын хамтарсан “Их Түмэн голын төсөл”-ийг хэрэгжүүлэгч дөрвөн улсын төлөөлөгчид аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар хуралдаж, санаа бодлоо солилцлоо.
Жуулчид нэг удаагийн аяллаараа олон оронтой танилцахыг эрмэлзэх болсон энэ цаг үед төсөл хэрэгжүүлэгч орнууд ижил түвшний ашиг олох, дөрвөн улс дотроо зорчих урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор уг төслөө хэрэгжүүлж буй юм.
Их Түмэн голын санаачилгын албаны дарга Б.Төгөлдөр, “Монгол Улсад ирсэн жуулчдад өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхийг гол зорилгоо болгон ажилладаг. Уг төслийн хүрээнд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн улсын хэмжээнд mongolia.travel сайтыг ажиллуулж эхэлсэн. Сайтаараа дамжуулан дэлхий дахинд Монгол Улсаа сурталчлах, адал явдалтай сонирхолтой аяллын багцыг санал болгож, цаашдаа бүс нутгийн хүрээнд Монгол орны онгон дагшин байгаль, түүх аж ахуй, соёл иргэншлийг дэлгэрүүлэхийг зорьж байна” гэв.
Энэхүү төсөл нь 2007 оноос хойш 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа ба сүүлийн гурван жилийн турш Монгол орны зүүн бүсийн аймгуудад голлон үйл ажиллагаа эрхлэх, цогцолбор төвүүдийг бүтээн байгуулж, тэндээ тухайн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж буй ажээ.
Мөн энэ оны наймдугаар сараас “Мянганы суут хүн Чингис хаан” цогцолбор бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ. Энэ төслийн санхүүжилт болох 19 сая ам.долларыг Азийн хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэжээ.
Манай орны аялал жуулчлалын дийлэнх хэсгийг хангай, төвийн аймгууд эзэлж, зүүн бүсийн аймгуудад харьцангуй бага байдаг. Иймээс сонирхолтой аяллын хөтөлбөрийг шинээр санаачлах, зүүн бүсийн аймгуудын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор 2018-2019 онд Засгийн газраас 5,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг баталжээ. 2019 ондоо багтаад өв соёл, түүх, байгалийн сайхныг агуулсан хоёр цогцолбор ашиглалтад оруулна. Ингэснээр нэг цогцолборт 40-50 хүнийг ажлын байраар хангах боломжтой аж.