С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Монгол хэл, бичгийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох асууудлыг судална
БСШУС-ын байнгын хорооны хуралдаанаар 2023 оны намрын чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглаврыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Г.Дамдинням, ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албан тушаалтнуудыг дуудаж, 2024 оны зуны олимпийн бэлтгэл болон допингийн асуудлаар мэдээлэл сонсох санал гаргав. Тус байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг энэхүү саналыг дэмжиж, хэлэлцэх асуудлын цаглаварт оруулахаар болов.
Энэ 10 дугаар сард тус байнгын хороо Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл болон монгол хэл бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар цаглаварт тусгажээ. 2023 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай 148 дугаар захирамжид заасан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаврыг хэлэлцэн баталлаа. Түүний дараа Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг ажиллаж, гишүүдээр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан нар ажиллах юм.
Түүний дараа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын үйл ажиллагаа, үнэлгээ, хөрөнгө оруулалтын талаар танилцууллаа. Тэрбээр, сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, ерөнхий боловсролын сургуулийн гурван ээлж, мэргэжлийн болон техникийн болон дээд боловсролын талаар, чанар үр дүнд суурилсан боловсролын үнэлгээ, хүртээмжээс чанарт чиглэсэн санхүү, хөрөнгө оруулалт гэсэн асуудлуудыг танилцууллаа. Тэрбээр, Боловсролын тухай багц хууль батлагдаж, боловсролын салбарт чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан эрх зүйн орчин бүрдсэн. Боловсролын салбарын сэргэлтийг хийх шинэ хичээлийн жил эхэлж байна. Цэцэрлэгт орох хүсэлт илгээсэн хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахын тулд хүртээмжийг шийдлээ. Өнгөрсөн жилийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн туршлагадаа үндэслэн хүн ам эрс өсч буй аймгуудад тодорхой шийдлүүдийг гаргаж байна. Тухайлбал, төрийн өмчит зургаан цэцэрлэгийн барилгыг өргөтгөх, орон сууцны нэг давхрын барилгыг худалдан авах, орчин үеийн шийдэл бүхий цомцог гэр хэлбэрээр цэцэрлэгийн байрыг нэмэгдүүллээ.
Ерөнхий боловсролын 54 сургуульд 33,859 хүүхэд суралцах нь хүчин чадлаас хэтрэх байв. Тиймээс 20-иод мянган хүүхдийн суудал бүхий сургалтын орчин шинээр шаардлагатай байсан. Энэ хичээлийн жилд шинэ сургууль, өргөтгөлийн барилга ашиглалтад оруулах, сургалтын зориулалттай хичээлийн байрыг түрээслэх, дотоод нөөц бололцоогоо ашиглаж засвар, тохижилт хийх, хамран сургах тойргоор зохицуулалт хийх зэргээр ажиллав. Үүний үр дүнд 11 сургуулийг шинээр ашиглалтад оруулж, 6240 хүүхдийг шинэ орчинд сургаж байна. Энэ жил 17145 хүүхдийн багтаамжтай 27 сургалтын зориулалтай байрыг түрээсэлж, 13 барилга байгууламжид засвар хийж, 4 сургуулийн хамран сургах тойргийн асуудлыг шийдэж 1000 гаруй хүүхдийг сургуульд хамрууллаа.
Мэргэжлийн болон техникийн боловсролын төвшинд нэг хүүхдийг сургаж буй хувьсах зардлын аргачлалыг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн өртөгт суурилсан санхүүжилтийн шинэчлэл эхэлсэн. Дархан-Уул, Орхон, Дорнод зэрэг долоон аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудын ангилал ахиулж, коллеж болгон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь, Төв зэрэг аймгуудад буй Мэргэжлийн сургалтын байгууллагуудыг төрийн өмчийн сургуулиудын харьяалалд шилжүүлж, эрдэм, шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр буюу шатлан суралцах тогтолцоог бүрдүүлэн өөрчилж байна. Мөн олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Олон улсын жишиг болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөтөлбөрүүдийг үе шаттайгаар нэвтрүүлнэ. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хосмог, ажлын байран дахь сургалтыг хэрэгжүүлнэ гэх зэргээр дээд, боловсролын салбарын шинэчлэлийг танилцуулсан.
Түүний дараа байнгын хорооны гишүүн Б.Баярсайхан, Т.Аубакир, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа.
Тухайлбал, их, дээд сургуулиудын чансааг тогтоосон үзүүлэлт гарсан. Одоо энэхүү чансааг тогтоосны дараа яамнаас хийх дараагийн алхам юу байх уу, тусгай хэрэгцээт хүүхдүүдийг тэгш суралцах боломжийг бүрдүүлэхэд хэрхэн анхаарч байна гэх зэрэг асуултыг асуув.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, өнгөрсөн жил 27 их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Боловсролын хуулийн өөрчлөлтөөр олон улсын үнэлгээний дагуу их, дээд сургуулиудад үнэлгээ хийж зарлалаа. Сургалтын чанар 50 хувь давж буй 28 сургууль байна. Хэтдээ 20 орчим их, дээд сургууль л үлдэх болов уу гэж харж байна. Эрэмбийн дараа сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийнэ. Их, сургуулиуд оюутны тоо, сургалтын төлбөрөөр өрсөлдөх ёсгүй. Өчигдөр 1-3 дугаарт эрэмбэлэгдсэн сургуулиудын 20 докторыг цалинтай хөтөлбөрт хамруулахаар зарласан. Эрэмбэ өндөр сургуулиудад зарим суралцагчдийн төлбөрийг Төрийн сангаас хариуцах гэх зэрэг дэмжлэг буй болгоно. Харин 50 хувиас доош үнэлгээ авсан сургуулиудад тодорхой бодлого хандуулан арга хэмжээ авна. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг тусгай сургуульд суралцуулахаас илүү жирийн сургуулиудад суралцахад дэмжих бодлогыг баримтална. Гэхдээ тодорхой хугацаанд тусгай сургуульдаа суралцаж, дараагийн шатанд суралцах чадвараа эзэмших нь зүйтэй байх. Одоогийн тусгай сургуулиудад түшиглэн тусгай хэрэгцээт хүүхдүүдийг сургах сургалтын орчин, багш нарыг бэлтгэх нь зүйтэй гэж үзсэн гэх зэргээр хариуллаа.