Бөөрөлжүүтийн 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажил 50 хувьтай байна

Бөөрөлжүүтийн 300 MВт-ын цахилгаан станц, Багануур-Бөөрөлжүүтийн 200 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийн хүрээнд Бөөрөлжүүт-Сэргэлэнгийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр барьж байгуулах асуудлаар Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан цогц байдлаар шийдвэрлэх талаар Төслийн хөрөнгө оруулагчтай хийсэн хэлцлийн үр дүнг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Станцын жилд үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг одоо байгаа 5500 цагаас 7096 цаг болгон нэмэгдүүлэх Бөөрөлжүүт-Сэргэлэн чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж, цахилгаан станцын төсөлтэй цогц байдлаар хэрэгжүүлэн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д үнэ төлбөргүй шилжүүлэх асуудлаар “Диспетчерийн үндэсний  төв” ТӨХХК болон “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн хооронд байгуулсан “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай” гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг Эрчим хүчний яам, “Диспетчерийн үндэсний  төв”-ийн удирдлагад даалгалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станц төслийг  “Цэцэнс майнинг энд энержи” ХХК хэрэгжүүлж буй. Барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна. Төслийн эхний үе шатны 150 МВт-ын блокыг ирэх аравдугаар сард, хоёр дахь шатны 150 МВт-ын блокыг 2025 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.