Н.Учрал: Үндэсний хиймэл дагуултай болоход мэргэжилтнүүдийн саналыг сайн сонсож, судлах шаардлагатай

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.10.16/ хуралдаанд  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Үндэсний хиймэл дагуулын төсөл”-ийн талаар танилцуулав.

Тэрбээр, харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулыг хөөргөснөөр Монгол Улсын газар нутгийг бүрэн хамарсан, орон зайн ялгаваргүй харилцаа холбооны бие даасан сүлжээ үүсгэж интернэт суурьтай бүх төрлийн харилцаа холбооны үйлчилгээг бүх иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх боломжийг нээж өгнө. Түүнчлэн дан ганц шилэн кабелийн сүлжээнээс хамаарсан интернэтийн гарцын эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үед байнгын харилцаа холбоотой байх, гамшиг ослын эрсдэлийг бууруулах, хот хөдөөгийн иргэдийн тоон ялгааг арилгах, хөдөө, орон нутгийн иргэд, малчдын хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зайн сургалтад хамрагдах боломжийг олгоно. Улсын хэмжээнд аймаг, сумын төвүүдийг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр холбох ажил эрчимтэй хийгдсэн боловч 2023 оны байдлаар хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувь нь газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн ба үлдсэн газар нутаг нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй байна. Одоогийн байдлаар “Koreasat 5A”, “Telesat 18” зэрэг хиймэл дагуулаас транспондер түрээслэн телевиз, интернет, хөдөлгөөнт холбооны сүлжээ, харилцаа холбооны үйлчилгээг алс зайд дамжуулахад ашиглаж байна.

Хэрэв өөрийн хиймэл дагуулгүйгээр цаашид явбал Монгол Улс жилдээ 32,6 тэрбумаас 80,8 тэрбум төгрөгийг гадаад орнуудын хиймэл дагуулын түрээсэнд төлсөөр байх юм. Үндэсний хиймэл дагуулыг хөөргөснөөр энэхүү их хэмжээний төлбөрийг гадны орны хиймэл дагуулын түрээсэнд төлөх шаардлагагүй болж, энэ хэмжээний зардал дотоодын зах зээлд үлдэх юм. Иймд бүс нутгийг бүрэн хамарсан үндэсний харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөх нь техникийн боломж болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой юм гээд хиймэл дагуулын тойрог замын төрлүүд, Старлинк үйлчилгээ, Чингиссат үндэсний хиймэл дагуулын ялгаа, төслийн хүрээнд хийгдэх ажил, төслийн ач холбогдлыг танилцуулав.

Мөн улс орнууд сансрын уудмыг ашигласнаар  улс төрийн тавцанд нэр хүнд өсгөхийн зэрэгцээ сансар огторгуйг эзэмших олон улсын үйл ажиллагаанд оролцох бололцоо бүрдэх, сансрын хөтөлбөрийг бий болгож хэрэгжүүлснээр технологийн чадавх нэмэгдэх, сансрын технологи, үйлчилгээг ашигласнаар цэрэг, аюулгүй байдлыг хангах мэдээллээр хангагдаж,  аюулгүй байдлын стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэх зэрэг үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх бололцоо бүрддэг гэлээ. Мөн онцгой байдал, хил хамгааллын харилцаа холбоо сайжирч, гамшиг, ослын улмаас үүдэх хүний амь нас, эд хөрөнгөнд учрах хохирлыг 30 хувь бууруулдаг судалгааны үр дүнг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал онцоллоо. Түүнчлэн цахим засаглалын тоон дэд бүтэц сайжирч, аж үйлдвэрлэлийн бүх салбарт цахим шилжилтийг эрчимжүүлж, шилэн кабелийн сүлжээ хүрээгүй алслагдсан багуудын тоон хуваагдлыг багасгаж, орон зай, байршлаас үл хамаарсан цахим боловсрол, цахим эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх боломж бүрдэх хүрэх үр дүнг танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ч.Анар, “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл”-ийг дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх арга зам, төсөв, хөрөнгийн талаар асууж тодрууллаа. Мөн тэрбээр төслийг хэрэгжүүлэх үнэ хэт өндөр буй учраас  дахин судалж ярилцах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, хиймэл дагуул хөөргөснөөр кибер аюулгүй байдлын хамгаалалтыг хэрхэн сайжруулах вэ, эрсдэлийн урьдчилсан тооцоолол байна уу гэж асуусан. 

Цахим хөгжил, инновац, харилцаа, холбооны сайд Ц.Баатархүү, Монгол Улс кибер аюулгүй байдлыг үнэлдэг 5 түвшиний дундуур  үзүүлэлтийг хангаж байгаа. Төр, захиргааны байгууллага болон бүх түвшинд кибер аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох шаардлагатай байна. Мөн хууль, эрх зүйн орчин, техник, технологийн хувьд сайжруулах асуудал бий. Нэн тэргүүнд гадаад хамтын ажиллагааг сайжруулах, өргөжүүлэх зэрэг боломжит бүх арга замаар кибер аюулгүй байдлыг хангахын тулд ажиллана гэсэн хариултыг өгсөн.

ЗГХЭГ-ындарга Н.Учрал, “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл”-ийг хэрэгжүүлэхийн тулд мэргэжилтнүүдийн саналыг сайн сонсож, судлахаас гадна дэд ажлын хэсэг байгуулах шаардлагатай байна. Мөн төслийг гардан хэрэгжүүлэх гадны мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж ажиллан ойлголцох нь чухал гэдгийг онцоллоо.