Исламабад өрнөсөн ярианы ОНЦГОЙ АГУУЛГА!

Монгол, БНХАУ, ОХУ гэсэн мөнхийн хөршийн статустай гурван улсын Ерөнхий сайд нар Пакистаны нийслэл Исламабад хотод уулзав. Өмнө нь зөвхөн гурван улсын Төрийн тэргүүний түвшинд гурамсан уулзалт зохион байгуулж ирсэн уламжлал тогтсон бол энэ удаад Ерөнхий сайд нар нь геополитик, дэд бүтэц рүү чиглэсэн төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх тухайгаа нүүр, нүүрээ харж байгаад ний нуугүй ярьцгаав. Үүгээрээ Исламабад болсон Монгол, БНХАУ, ОХУ-ын Ерөнхий сайд нарын уулзалт онцлог, бас анхных нь. Өөрөөр хэлбэл, гурван талт хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буй нь энэ. Ингэхдээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Эдийн засгийн коридор” хөтөлбөрт багтсан томоохон төслийг бодитоор хэрэгжүүлэхэд чухал түлцэх болох юм.

Сонирхолтой нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс хэд, хэдэн санал дэвшүүлснийг М.Мишустин, Ли Чян дэмжиж буйгаа илэрхийлжээ. Эрчим хүч, аялал жуулчлалын салбартаа онцгой анхаарал хандуулж эхэлснээ хоёр хөршдөө дуулгасан тэрбээр шинэ эх үүсвэр, гурван улсын жишиг бүс байгуулах, хил дамнасан цахим худалдааны платформыг бий болгоход хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай онцолсон нь анхаарал татаж байгаа юм. 

Үүгээр зогсохгүй Монгол Улсын “Талын зам” хөтөлбөр, Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгыг харилцан уялдуулж, Монгол, Орос, Хятадын 3Эдийн засгийн коридор”-ыг бүтээн байгуулах ажлыг идэвхтэй урагшлуулахад бэлэн байгаагаа хэлжээ. Хөтөлбөрт тусгасан 33 төслийн нэгдүгээрт эрэмбэтэй Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн шинэ төмөр зам барих төслийг эхний ээлжид хэрэгжүүлэх нь “Эдийн засгийн коридор” үүсгэхэд нэн чухал эхлэл цэг болохыг нэмж онцолсон байна. Ташкентад болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр “Эдийн засгийн коридор” байгуулахаар тохиролцож гарын үсэг зурснаар батажгаалсан эл хөтөлбөрөөс Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн шинэ төмөр замын төслийг Монголын Ерөнхий сайд онцолсон нь энэ. 

Гагцхүү Монгол Улсын Засгийн газрын бодлого тогтвортой үргэлжилж буй нь хамтын ажиллагааны төсөл хэрэгжихэд чухал нөлөөтэй гэдгийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян хэлсэн байна. ОХУ-ын зүгээс эрчим хүчний төсөл, шинэ эх үүсвэртэй болоход бэлэн буйгаа Засгийн газрын дарга М.Мишустин дуулгажээ. Ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн дөрвөн том мега төслийн Гашуунсухайт-Ганц модны төмөр зам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гэхэд БНХАУ-аас шууд хамаарч буй. 

Тавантолгой дулааны цахилгаан станцын төсөлд ч олон улсын хөрөнгө оруулагчид орж ирсэн тохиолдолд урд хөршийн оролцоо жин дарах магадлал нь өндөр. Ийм нөхцөлд том төслүүдээ хөдөлгөх нэн тэргүүний асуудал нь Монголын Засгийн газрын бодлого тогтвортой үргэлжлэх, эргэж хургасан, гацааж, зогсоосон шийдвэр гаргахгүй байх нь чухал, нэг ёсны бодит дархлаа нь. БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян ч ийм агуулгыг зүгээр нэг амнаасаа унагаагүй мэдээж. Эрчим хүчний төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа илэрхийлсэн ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустины байр суурь ч оргүй хоосон яриа биш. Үндсэндээ эхний ээлжид хэрэгжүүлэхээр эрэмбэлж, Улсын Төсөвт суулгасан мега төслүүдээ хөдөлгөхөд урд, хойд хоёр хөршийн дэмжлэг үзүүлэхээ, хамтарч ажиллахаа мэдэгдсэн нь маргаангүй том боломж. 

Гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын дараагийн уулзалтыг 2025 онд зохион байгуулахаар тохиролцсон нь ч Исламабад “гар барьсан” асуудлууд хөрсөн дээр буусан эсэхийг бодитоор харах, бас хэлэлцэх шалтгаан.

“Монгол Улс хөгжлийн бодлого, төлөвлөлтөө илүү тогтвортой болгох, мөн олон намын оролцоог шийдвэр гаргах түвшинд оролцуулахын тулд Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, бүс нутгийн хэмжээнд ашигтай гэж үзсэн 14 мега төслийг бүс нутаг, хөрш орнуудын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэхээр олон улсад зарлаад байна.  

Эдгээр төслийн олонх нь зам тээвэр, тээвэр логистик, эрчим хүч болон эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд чиглэж байгаа. Мөн өнөөдөр ОХУ, БНХАУ, Монгол Улсын Засгийн газар ШХАБ-ын энэхүү индрийг ашиглаж анх удаа гурван талт уулзалт хийж, эдгээр төсөлд эрчимтэй хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр санал солилцсондоо сэтгэл хангалуун байна.

Цаашид улс орнуудтай төмөр зам, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтыг дэмжиж, харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье” хэмээн ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн нь Монгол, БНХАУ, ОХУ-ын Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр харилцан тохиролцсон асуудлыг хөдөлгөж, хэрэгжүүлэх “барьцаа” улам лавшруулсан дипломат нүүдэл гэдэг нь ойлгомжтой.

Г.Эрхэс