Гэмтнүүдэд гишгэх газар үлдэхгүй нь!

Одоогоос долоон жилийн өмнө юм. Сургууль дээрээ харагдсанаас өөрөөр сураггүй алга болсон наймхан настай охины хэрэг Замын-Үүдэд гарсан нь олныг сэрдхийлгэж байв. Ядаж л тэндэхийн хэд хэдэн байршилд, адаглаад сургуулийнх нь бүс орчимд хяналтын камер суурилуулсан бол охиныг олох найдварын үзүүрт гэрэл асч, бүр олдох байсныг ч үгүйсгэхгүй. Охин ч өнөөдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардаж, ахлах ангийнхаа босгыг давах байлаа. Гэвч тэгээгүй, тийм зүйл болоогүй. 

2017 оноос охины араас явсан Монголын хуулийн байгууллага тэгсхийгээд мөрдлөгөө зогсоосон, эрлийн үйл ажиллагаа мухардсан түүхтэй. Нийгэм төдийгүй хүүхэд хамгааллын байгууллагад томоохон цочроо өгсөн эл үйл явдлын бараан сүүдэр арилаагүй байхад 12 настай хүүхэд алга болоод зогсохгүй амиа алдсан байдалтай олдсон жигшүүрт хэрэг гарсан нь оны өмнөхөн. Хамгийн харамсалтай нь, нийгмийг цочирдуулсан энэ хэрэг мөн л Дорноговь аймаг Сайншандад гарсан юм. 

Хоёр айлын гэрийн зай эзгүйрч, хоёр ч ээжийн элэг эмтэрсэн эдгээр эмгэнэлт үйл явдал өнөөдөр ч нийгмийн сэтгэлзүйд эмзэг хэвээр яваа сэдэв. Хэрвээ… Хэрвээ шүү!. Сайншандад тэр тусмаа сургуулийн ойр орчимд хяналтын камер байсан бол...? Гэхдээ энэ бол өнгөрсөн цаг хугацаан дээрх харуусал болж үлдэхээс өөрөөр тэдгээр үрс ээж, аав, эгч, дүүгийнхээ өмнө өнөөдөр алга. 

Олныг сэрдхийлгэсэн нь энэ болохоос оршин суугаа газраасаа хүүхдүүд алга болдог, үзэгдэх орчин хязгаарлагдмал байдлаас үүдсэн зөрчил, гэмт хэрэг нийслэлд өдөр тутамд гардаг үзэгдэл. Үүнээс урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг хугацаа алдахгүйгээр шийдвэрлэх, арга хэмжээ авах нь цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэг ч хяналтын камергүй бол илрүүлэх магадлал нь бага. Хугацаа шаардана. Яг ийм үндэслэл, агуулгаар Засгийн газраас цагдаагийн байгууллагаар дамжуулан нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийг бүрэн камержуулах төслийг хэрэгжүүлсэн нь “Ногоон бүс”. 

2024 онд Улаанбаатарыг, 2025 оны зургаадугаар сар гэхэд 21 аймгийг бүрэн камержуулах төлөвлөгөөтэй уг төсөл өдгөө 73,2 хувьтай үргэлжилж, улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн 55319 хяналтын камерыг суурилуулжээ. 2011-2018 он буюу долоон жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд 2000 гаруй камер суурилуулж байсантай харьцуулахад энэ удаагийнх маргаангүй том тоо. Хэдэн арав дахин нугалж буй үзүүлэлт.

Үр дүнд нь оршин суугаа газраасаа алга болсон 200 хүүхдийг хяналтын камерын тусламжтайгаар олж, илрүүлэн эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна. Мөн гэмт хэргийн илрүүлэлт 41,9 хувиар өсчээ. Бодит үр дүн мөн үү? мэдээж мөн. Магадгүй хамгийн сайн үр дүн. Учир нь, оршин суугаа хотхон, орц, гарцны хэсэгт байрлуулсан камерт итгэж, найдах бус нэгдсэн сүлжээ бүхий хяналтын камераар дамжуулж аюулгүй, амар тайван орчинд амьдрах эрхээ 24 цагийн турш цагдаагийн байгууллагаар хангуулна гэсэн үг.

Энэ хэрээр эзэнгүй хэрэг, зөрчил, хулгай, автозамын осол гэмтлээс сэргийлэх, хянах бүрэн боломж ийн бүрдэж байна. Теле хяналтын нэгдсэн төв нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах зорилго бүхий 25 ширхэг ханан дэлгэц бүхий нэг дор 800 ширхэг камерын дүрсийг хянах стандартын шаардлагад нийцсэн зориулалтын шал, хана, хөргүүр зэргийг цогцоор нь шийдэгдсэнээрээ онцлог юм.

Г.Эрхэс