"Сумдын хилийн цэсийг албан ёсны газарзүйн нэрийн дагуу шинэчилнэ"
Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 17-ны өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Уянга танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2026 оны 01 тоот тогтоолоор байгуулсан гээд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Бейсен, М.Ганхүлэг, Ж.Чинбүрэн, А.Ундраа нар ажилласныг дурдав. Энэ хугацаанд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах өөр хэл дээр батлагдсан газарзүйн нэрийн жагсаалтыг шинээр батлах, өөрчлөхтэй холбогдуулан газарзүйн нэрийн монгол кирил үсгийн латин хөрвүүлгийн стандарт, зарим газарзүйн нэрийн монгол хэлний дүрмийн алдаатай эсэх талаарх лавлагаа, мэдээллийг авч ажилласан гэлээ.
Мөн ажлын хэсгийн ахлагчаас Баян-Өлгий аймагт хамаарах зарим газарзүйн нэрийн талаар Монголын туваачуудын нийгэмлэгээс ирүүлсэн саналтай холбогдуулан тус нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцон холбогдох тайлбар, мэдээллийг өгсөн хэмээв.
Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, тогтоолын төсөлтэй холбогдуулан 1, 2 дахь заалтын зарим дэвсгэр нэрд хамаарах газарзүйн нэрийг нийцүүлж холбогдох засварыг хийх, тогтоолоор зарим асуудлыг Засгийн газарт даалгах нь зүйтэй гэж үзсэн байна Үүнд:
-Энэ тогтоолоор баталсан газарзүйн нэрийг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх, Монгол Улсын Их Хурлаас баталсан газарзүйн нэрийг батлагдсан стандартад нийцүүлэн латин үсэгт галиглан хэрэглэх, газарзүйн нэрийг судлах, сурталчлах, хамгаалах, мөрдүүлэх, цахим системээр дамжуулан хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
-Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах газарзүйн нэрийн тодотголыг хийж, сумдын хилийн цэсийг албан ёсны газарзүйн нэрийн дагуу шинэчлэн, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж 2027 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
-Төслийн нэр томьёог жигдлэх, Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн тогтоолын заалтын дугаарыг нийцүүлж өөрчлөн, бүтэц найруулга, латин хөрвүүлгэд холбогдох хууль зүйн техникийн засвар хийснийг Б.Уянга гишүүн танилцуулгадаа дурдсан.
Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо тогтоолын төслийг зүйл бүрээр хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Г.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсгээс бэлтгэсэн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.
Иймд төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.