Н.Учрал: Тэтгэвэр бол хүний хөдөлмөрийн шударга үнэлэмж байх ёстой

 Засгийн газраас энэ онд 2026 оны 06 дугаар сарын 12-нд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тэрбээр тэтгэврийн шинэчлэлийн реформоо илтгэв. Өнөөдөр мөрдөж буй тэтгэврийн даатгалын хуваарилалтын тогтолцоо орлогоороо зарлагаа бүрэн нөхөхгүй хэмжээнд хүрсэн. Тэтгэврийн санд жилээс жилд улсын төсвөөс олгох санхүүжилт өсөж байгаа гэв. Тиймээс тэтгэврийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт хийхгүй бол ирээдүйд хүндрэл үүсэж, хойч үедээ өр үлдээх гашуун үнэнтэй тулгарах эрсдэлтэй. 

Тэтгэвэр бол хүний хөдөлмөрийн шударга үнэлэмж байх ёстой. Энэ нь зөвхөн ахмадуудын асуудал бус, шимтгэл төлөгч хүн бүрийн, олон талт, гурван цагийн хэлхээг холбосон, тооцоо, судалгаатай тогтолцоо байх учиртай. Цөөн хэсэг нь их хувь нэмэр оруулж, бага хувь нэмэр оруулсан нь ихийг хүртэж байгаа шударга бус байдлыг арилгана. Тэтгэвэр халамж биш, даатгал, ирээдүйн орлогын баталгаа, хөдөлмөрийн хөлсний хуримтлал, хөрөнгө гэж хууль санаачлагч онцолсон бол төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, А.Ариунзаяа, Ч.Ундрам, О.Цогтгэрэл, Ц.Мөнхтуяа, С.Эрдэнэбат нар асууж, үг хэлсэн. Тэд цаг үеэ олсон чухал төслийг дэмжихээ илэрхийлж, мөн нийгмээр хэлэлцэх боломж олгохгүйгээр, яаравчлан хэлэлцэж байна гэж шүүмжлэв. Гишүүдийн асуултад Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар хариулахдаа, олон жил шимтгэл төлсөн хүнд тэтгэврийн хэмжээ өндөр тогтоох, хувийн хэвшлийнхэнд хөнгөлөлт, урамшууллын хөшүүрэг бий болгох, хагас хуримтлалын сан үүсгэнэ гэсэн юм. Төслийг дэмжсэн байр суурийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат илэрхийллээ.