С.Магнайсүрэн: Хоёр аймгаас бусад төрийн аудитын байгуулга нь өөрийн гэсэн байргүй

“Төрийн аудитын байгууллагын 2027 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Төрийн аудитын байгууллага хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хүрээнд бодлогоор гүйцэтгэх нийт 35 аудитын сэдвийг судалж бэлтгэснээс хуульд заасны дагуу гүйцэтгэх 23, төрийн аудитын бодлогоор гүйцэтгэх 12 сэдвийн хүрээнд аудит хийхээр төлөвлөсөн байна.

Аудитын байгууллага 2027 оны 1 дүгээр сарын 25-наас 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, улсын болон орон нутгийн төсөвт байгууллага, сан, төсөл, хөтөлбөр, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж холбогдох дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа онцолсон.

Мөн “Газрын тосны өртөг нөхөх зардлыг баталгаажуулах, Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх, Улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн зардлын тайланд дүгнэлт гаргах, Үндэсний баялгийн сангийн тайланд аудит хийх зэрэг санхүү, гүйцэтгэлийн болон нийцлийн аудитыг хийхээр төлөвлөсөн гэлээ.

Төрийн аудитын байгууллагын бодлогоор гүйцэтгэх сэдвийн тухайд Монгол Улсын хөгжлийн бодлого тогтвортой хөгжлийн зорилго, зорилттой уялдуулан Ойн нөөц, түүний хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээлтийн үр дүн, хууль тогтоомжийн хэрэгжилт болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, үр нөлөө зэрэг сэдвийг тусгасан бол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хорооны саналын дагуу Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөө, сэдэвт аудитыг хийхээр төлөвлөжээ.

Харин иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах зорилгоор төрийн мэдээллийн нэгдсэн “И-Монголиа” системээр ирүүлсэн саналуудыг харгалзан төрийн худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн нийцэл, төлөвлөлт, хэрэгжилт, үр нөлөөт байдал сэдвийг тусгасан гэж байлаа.

Сүүлийн жилүүдэд кибер орчин дахь гэмт хэрэг мэдээллийн аюулгүй байдлын зөрчил нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоо, түүний үр дүн, үр нөлөө сэдэвт аудитыг төлөвлөсөн төдийгүй, төрийн аудитын бодлогоор гүйцэтгэх сэдэв болон урьдчилсан аудитын хүрээнд эдийн засгийн суурь салбарын хөгжил, нийгмийн үр нөлөөг харгалзан Гашуун сухайт, Ганц мод, хил дамнасан төмөр зам мега төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн байдлыг хянан үзэх шаардлагатай хэмээн үзсэн байна.

Түүнчлэн Монгол Улсаас 2023-2025 онд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан алт, зэс, жонш, төмрийн хүдэр, нүүрсний экспортолж буй үйл явцын үр дүн болон "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилт, үр нөлөө зэрэг сэдэвт аудитыг сонгон тусгасан нь засаглалын үр нөлөөг сайжруулах, иргэд, олон нийтийн хүсэлт, шаардлага, нийгмийн хүлээлтийг дэмжихэд чиглэж байгааг С.Магнайсүрэн дарга танилцуулгадаа дурдсан.

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Р.Батболд, Б.Заяабал, Г.Ганбаатар, Д.Үүрийнтуяа нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд Төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтын төлөвлөлт, тогтолцоо, хяналтын үр нөлөө сэдвээр аудит хийж буйг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ уламжлалт болгон хийдэг ажлуудаа бодит цагийн горимд хийдэг стандартыг нэвтрүүлэх шаардлагатай талаар, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийх асуудлыг хөндөж, санал хэлж байлаа.

Ингээд нь “Төрийн аудитын байгууллагын 2027 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах, эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73.7 хувь нь дэмжив.

Үргэлжлүүлэн Төрийн аудитын байгууллагын 2027 оны төсвийн төслийн талаар хэлэлцлээ. Энэ талаар Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан. 

Тэрбээр танилцуулгадаа, төрийн аудитын байгууллага нь Төсвийн тухай хуульд заасны дагуу жил бүр төсвийн төслөө боловсруулж, улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлдэг боловч байнга хасагдаж батлагдсаар ирсэн. Тухайлбал, сүүлийн 7 жилд дунджаар 13 хувиар хасагдсан гэдгийг онцолж байлаа.

Мөн тус байгууллагын 2027 оны төсвийн төслийг цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, тогтмол зардал, аудитын үйл ажиллагааны зардал, мэдээллийн технологийн шинэчлэл, ахмадын сан болон хөрөнгө оруулалтын зардлыг тооцон 111.0 тэрбум төгрөгөөр төлөвлөсний 66.4 хувь буюу 73.7 тэрбум төгрөг нь урсгал зардал, 33.6 хувь буюу 37.3 тэрбум төгрөг нь хөрөнгийн зардал байна гэв.

Энэхүү төсвийн төсөл нь 2026 оны батлагдсан төсвөөс 61.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд үүнээс урсгал зардал 25.2 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 36.0 тэрбум төгрөгөөр тус тус өссөн гээд хөрөнгийн зардлын өсөлт нь Үндэсний аудитын газрын болон 2 аймаг дахь төрийн аудитын газрын барилга, мөн автомашин, компьютер, тоног төхөөрөмжийн зардлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тусгасантай холбоотой гэж байлаа.

Тус байгууллага нь Засгийн газрын IV байранд байрлаж байгаа боловч байр, талбайн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зарим албан хаагчид нь 2021 оноос өнөөдрийг хүртэл түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус газар нь сүүлийн 6 жилд нийтдээ 2.5 тэрбум төгрөгийг түрээсийн зардалд төлж ирсэн бөгөөд төсвийн хөрөнгийг үр ашиг, үр нөлөөтэй ашиглах, төрийн аудитын үйл ажиллагааг хараат бусаар явуулахад зайлшгүй өөрийн эзэмшлийн байрны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Мөн хоёр аймгаас бусад төрийн аудитын байгуулга нь өөрийн гэсэн байргүйг уг танилцуулгад дурдсан байв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар төрийн аудитын байгууллагын 2027 оны төсвийн саналаас барилга байгууламжтай холбоотой 31 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нь хасах, улмаар Сангийн яамнаас төрийн аудитын байгууллагын нэмэгдэл хийх асуудлыг холбогдох хууль тогтоолд өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах талаар зарчмын зөрүүтэй санал гаргав.

 

Иймд хуралдаан даргалагчаас Улсын Их Хурлын гишүүдээс төрийн аудитын байгууллагын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэх явцад гарсан саналуудыг тусган, уг төслийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг дэмжих, төрийн аудитын байгууллагын хөрөнгө оруулалттай холбоотой гурван барилгыг хасах, орон нутгийн нэмэгдлийг олгох хуулийн гаргалгааг хамтад нь оруулж ирэх үүргийг Сангийн яаманд өгөх хүрээнд хоёр саналыг төсөлд тусгах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.2 хувь нь дэмжлээ.