Т.Аубакир: Монгол Улсын нийт гадаад өр 40.5 тэрбум ам.доллар
Т.Аубакир: Монгол Улсын нийт гадаад өр 40.5 тэрбум ам.доллар
Монгол Улсын Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонслоо.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээлэлдээ, Монгол Улсын Их Хурлын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийг баталсан. Энэхүү хүрээнд дунд хугацаанд өрийн удирдлагын чиглэлээр баримтлах үндсэн зургаан зорилт, 23 хэрэгжүүлэх арга хэмжээ болон Засгийн газрын өрийн багцын дөрвөн шалгуур үзүүлэлтийн зорилтот түвшнийг тодорхойлсон байна.
Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2025 оны жилийн эцсийн байдлаар 40.5 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 159.5 хувьтай тэнцэж байна. Засгийн газрын өр 2025 оны жилийн эцсийн байдлаар 35.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.4 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг хангаж байна гэлээ.
Мөн Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийг баталж хэрэгжүүлж эхэлсэн 2016 оноос хойш өрийн дотоод нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 53.7 нэгж хувиар, хүүгийн төлбөрийн төсвийн орлогод эзлэх хэмжээ 9.5 нэгж хувиар тус тус буурсан. Ийнхүү Засгийн газрын өрийн дарамт буурснаас шалтгаалж олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2024-2025 онуудад жил дараалан ахиулж, Эс энд Пи агентлаг ВВ- (Double B minus), Фитч агентлаг В+ (B plus), Мүүдис агентлаг В1 түвшинд хүргэсэн гэлээ.
Стратегийн баримт бичигт туссан зорилтуудын хүрээнд тайлант хугацаанд авч хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээнүүдийг дурдвал Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн нэмэлт санхүүжилт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл, Улаанбаатар, Дарханы чиглэлийн авто зам барих төслийн нэмэлт санхүүжилт зэрэг бодитой эдийн засгийн салбарт чиглэсэн төслүүдийн гадаад зээлийн хэлэлцээрийг байгуулжээ.
Засгийн газрын гадаад үнэт цаасны хувьд Сенчири-2, Сенчири-3, Сенчири-4 зэрэг нийт 1,5 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэн төлбөрийн тэнцэлд ирэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулснаас гадна арилжааны нөхцөлтэй бондын хүндрэл 2.5 тэрбум ам.доллар болгож, 2023 оны эхний үлдэгдлээс 238 сая ам.доллароор бууруулсан гэдгийг Т.Аубакир сайд танилцуулгадаа онцолсон.
Стратегийн баримт бичигт туссан Засгийн газрын өрийн багцын дунд хугацааны зорилтот бүтцийн хүрээнд гурван үзүүлэлт болох хүүгийн зардлын үзүүлэлт, дахин санхүүжилтийн эрсдэлийн үзүүлэлт, хүүгийн эрсдэлийн үзүүлэлтүүд зорилтот түвшнийг хангаж байгаа бол ханшийн эрсдэлийн үзүүлэлт зорилтот түвшинд хүрээгүй. Үүнд Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдал гүйцэтгэлээр бага гарч дотоод өр нэмэгдүүлэх шаардлага багассан мөн Засгийн газраас бага хүүтэй, урт хугацаатай гадаад зээлийн санхүүжилтээр төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн зэрэг нь голлон нөлөөлсөн хэмээн мэдээлэлд дурджээ.