А.Тлейхан: 28 тэрбум төгрөгийн шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлнэ

Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Цахилгааны хөнгөлөлтөд нийслэлийн 116 мянган өрх, улсын хэмжээнд 160 мянган өрх хамрагдаж байна. Энэ хүрээнд ирэх сарын 1-ээс эхлэн оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэрэглээнээс хамаарч 50 хүртэлх хувиар хөнгөлөх аж. Ирэх оны хувьд 28 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр тооцоолжээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Шөнийн тарифыг хөнгөлөх тухай Засгийн газрын 119 дүгээр тогтоол гарсан. Үүний дагуу гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлдөг. Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд зургаан тэрбум, 2018 онд есөн тэрбум, 2019 онд 20 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байсан. Харин ирэх онд 28 тэрбум болж нэмэгдээд байна.

Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ өссөөр байгаа бөгөөд жилд дунджаар 60-80 орчим мВт-аар нэмэгдэж байна. Эдгээр айл өрхүүдийн хөнгөлөлт тооцох сарын хэрэглээний дээд хязгаар холбогдсон цахилгааны хүчдэлийн төвшнээс шалтгаалан өөр өөр байгаа бөгөөд 220В бол 700кВт.цаг, 380 В бол 1,500 кВт.цаг байх юм. Үүнээс дээш гарсан хэрэглээг тухайн хэрэглэгч 50 хувийн хөнгөлөлттэй тарифаар тооцож төлнө.