Ж.Батзандан: Улс орон чинь дампуурлаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Орон нутгийн сонгуулийн тухай ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалаа.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “ Орон нутгийн сонгуулийн хуулийн төсөл орж ирж байна. Орон нутгийн сонгууль ирцгүй боллоо. Аливаа асуудлыг шийдэхдээ үндсэн шалтгааныг нь судалж байж, гарцаа олох ёстой. Яагаад ирцгүй болов. Шалтгаан нь намуудад итгэх итгэл алдарсантай холбоотой. Намууд иргэдийн итгэл даах нэр дэвшигчийг дэвшүүлж чадахгүй бүлэглэлийн саванд орсноор тэр шүү дээ. Иргэдийн хурал намын хоол болчихсон. Үүнийгээ засъя гэж бодохгүйгээр механик өөрчлөлт хийх тухай ярьж байна. Иргэдийн хурлаа иргэдэд нь өг. Хоёр нам намчирхсанаас Иргэдийн хурал гацаанд орсон байдалтай удаж байна. Иргэд өөрөө өөрсдийгөө нэр дэвшүүлээд сонгодог шинэ хэлбэр рүү шилжье. 30 жил энэ байдлаар явлаа. Улс орон чинь дампуурлаа. Тулгамдсан асуудлыг шийдэх гэж хууль баталж байна гэж ойлгож байна. Түүнээс биш хуулийн нэр томъёог өөрчлөхийн тулд хууль батална гэдэг аргаа барсан хэрэг” гэсэн юм.

Хариуд нь Байнгын хорооны дарга С.Бямбацогт “Төрийн байгуулалтын байнгын хороо, Сонгуулийн ерөнхий хорооны ажлын хэсэг сайн ажиллаж байгаа. Чи дүгнэдэггүй юм. Ажлын хэсэг 94 санал оруулж ирсэн. Өргөн барьсан хуулийн төсөлд таны сонгогдсон дүүргийн оролцоотойгарсан алдааг бүгдийг нь зассан. Үндсэндээ дүүргийн Иргэдийн хурал дахин сонгуулиа зарладаг. Түүнээсээ болж дөрвөн жил засаг даргагүй явж байна. Үүнийг Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар зассан” гэлээ.