Л.Эрдэнэчулуун: Захирамж зөрчсөн байгууллагыг тав, иргэнийг нэг сая төгрөгөөр торгоно

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу баар, фитнесс, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг гуравдугаар сарын 30-ныг хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоохоор болсон. Шийдвэрийн талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.


НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Өчигдөр нийслэлийн онцгой комисс хуралдаж, хотын даргын захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилт дээр НМХГ цагдаагийн байгууллагатай хамтран хяналт тавьж ажиллана. Нийслэлийн хэмжээнд нийт 945 баар байдаг. Тэдгээрийг бүгдийг нь хааж байгаа. Хотын даргын захирамжийг зөрчиж ажиллавал ААН-ийг 5 сая, иргэнийг 1 сая төгрөгөөр торгож, зөрчил нь давтагдвал тусгай зөвшөөрлийг нь цуцална. Мөн дэн буудлууд, сувилалгүй амралтын газрууд, саун бассейн, фитнессүүдийг хааж байгаа. Нийслэлд 321 сүм хийд байгааг үйл ажиллагааг нь бүрэн зогсоож байна.

Үүнтэй холбогдуулан иргэдээс мэдээлэл авна. Хаалттай, нууц байдлаар арга хэмжээ зохион байгуулж байгаа нь тогтоогдвол тухайн салбарт дахиж үйл ажиллагаа явуулахааргүйгээр зогсооно. Засаг даргын захирамжийн хоёрдугаар заалтад цагийн хязгаарлалтыг оруулсан байгаа. Уг заалтын дагуу кафе, ресторанууд оройн 22:00 цаг хүртэл ажиллана. Нэг ташаа мэдээлэл яваад байна. Хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй. Хэвийн ажиллана" гэв.