Өв соёлыг шингээсэн “МАЯАРА” брэнд

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Э.Азжаргалыг урьсан юм. Тэрбээр Монголын хувцас загварын ертөнцөд орон зайгаа эзэлж оршин тогтнож чадсан  “МАЯАРА” брэндийг үүсгэн байгуулж амжилттай ажиллаж явна.


Асуудлын шийдлийг олж, аливаа зүйлд тууштай хандаж, алдаа оноо, амжилт ололтоо бусадтай хуваалцахыг чухалчилдаг бүсгүй дутагдал болон шударга бус зүйлийн хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй зарчимч зантай нэгэн. Барбиндаа хувцас оёж, тоглодог байсан балчирхан охины багын мөрөөдөл загвар зохион бүтээгч дизайнер болох байсан ч суралцаж чадаагүй гэнэ. Харин АНУ-ын Засгийн  газрын тэтгэлэгт тэнцэж, дэлхийн 20 улсаас тус бүр нэг хүн сонгогдсны нэг нь Э.Азжаргал. “Би эх орноосоо сонгогдож 21 хоног Америкийн гарааны бизнесийн эко систем, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг судалж явахдаа хувцас загварын салбарт ажиллаж, өөрийн нэрийн брэндийг бүтээх санаагаа олсон. Хүмүүс надаас “Чи хятад уу” гэж асууж байсан. Монгол хүн гэж хэлэхэд улсыг маань мэдэх ч үгүй байлаа. Монгол Улсын түүх, соёлын талаар ямар ч ойлголтгүй олон хүнтэй танилцсан. Тухайн үед эх орноо дэлхийд сурталчлан таниулах хэрэгтэйг ойлгож, үндэсний хэв шинж, онцлогийг шингээсэн хувцсаараа дамжуулж дэлхийд таниулах хүсэлдээ хөтлөгдөж, мөрөөдлөө биелүүлэхээр ажиллаж эхэлсэн” гэв.

No description available.

Монголын хувцас загварын салбарт “МАЯАРА” брэнд төрөх түүх ийнхүү тавигджээ. Анхны цүнхээ хийчихээд класстер чиглэлээр хөгжүүлж эхэлсэн байна. Гэртээ хүүхдээ хардаг ээжүүдийг дэмжих зорилгоор цүнхээ оёулж, цалинжуулдаг байжээ. Ажил хийж байгаа учир алдаа оноо хамт дэнслэгдэнэ. Бүтэлгүйтэж байсан  үе түүнд байдаг ч алдаагаа боломж, сургамж болгох зарчмаар ажилласаар өнөөдөртэй золгожээ.

Хэн хүний чихэнд сонсголонтой сонсогддог содон нэрийг сонгохдоо Я.Цэвэлийн  Монгол хэлний тайлбар толийг хоёр өдрийн турш уншиж, үг хайжээ. Үүнээс Э.Азжаргалыг ажилдаа хариуцлагтай ханддаг нь харагдана. Уйгагүй уншиж, хайлт хийсний хүчинд хүссэн үгээ олжээ. Тус толинд тогос шувууг Маяара гэдгийг тайлбарласан байжээ. Хүн нэрээ, тогос өдөө хэмээх эрт үеэс эдүгээ хүртэл амнаас ам дамжигдан ирсэн ардын зүйр цэцэн үгийг билэгшээж үндэсний түүх, соёлоо мэддэг зөв монгол хүн байж, эх орноороо бахархалтайгаар гангарч тогос шувуу шиг гайхуулж явахыг бэлэгдэн брэндээ нэрлэсэн нь энэ.

Бизнес эхлүүлэхэд хөрөнгө санхүүгийн асуудал тулгарна. Э.Азжаргалын хувьд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхдээ орон сууцаа зарж, анхны хөрөнгө оруулалтаа хийжээ. Амьдарч байсан байраа зарсан учраас үйлдвэр дээрээ хоёр жилийн турш амьдарч, ажилласан байна. “Одоо ч орон сууцтай болоогүй байна. Гэхдээ удахгүй болно” хэмээн инээмсэглэх тэрбээр “МАЯАРА” брэндийн бүтээгдэхүүнээр гангардаг хэрэглэгчдээ хараад эрч хүч, эерэг энергээр цэнэглэгдэж ирээдүйн зүг итгэл төгс алхдаг биз ээ.

No description available.

“МАЯАРА” брэнд өдгөө 200 гаруй төрлийн загварын бүтээгдэхүүнийг тогтмол үйлдвэрлэж байна. Амьтны дүрстэй амьтай мэт харагддаг торгон силкэн ороолтуудаа түүхийн судалгаанд үндэслэж хийдэг гэнэ. Утга агуулга, тухайн хэрэглэгчид төрөх мэдрэмжид анхаардаг. Харин хувцасны хувьд үндэсний хэв шинжийг шингээдгээрээ онцлог. Дэлхийн өнцөг булан бүрээс захиалга ирж, тэр хэрээр хичээж ажилладаг гэдгийг Э.Азжаргал онцолсон. Орон нутагт харилцагчтай болоод зогсохгүй гадаадад амьдардаг монголчууд тус брэндийн бүтээгдэхүүнийг борлуулдаг найдвартай харилцагчтай болж чаджээ. Энэ бол дэвшил. Монгол хүний бүтээсэн бүтээлээр хилийн чинадад гоёж явна гэдэг хувцас загварын салбарт шинэ төвшинд гарч эхэлснийг гэрчилж байна.

Сайны хажуугаар саар гэгчээр төр, засгийн уялдаа холбоогүй байдал,  цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэл, эрхзүйн таагүй орчноос шалтгаалж, саад бэрхшээл их тулгарна. Хөлсөө урстал хөдөлмөрлөж, хийж бүтээж, хичээж зүтгэж байгаа учир асуудал аяндаа шийдэгдэнэ гэдэгт тэрбээр итгэдэг. Импортыг орлох, экспортонд чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа учраас тулгарах бэрхшээл түмэн олон. Хятадаас хямдхан бүтээгдэхүүн орж ирнэ. Гэтэл монголд боловсруулах, бэлтгэн нийлүүлэлтээсээ эхлээд бүх шатандаа үйлдвэрлэл хөгжөөгүй. Нэг үйлдвэрлэлийн цаана ажилчдааасаа эхлээд бэлтгэн нийлүүлэгчид, түрээслэгч, сав баглаа  боодол, тээвэр зэрэг олон компани хамтран ажиллаж байдаг. Гинжин холбоосыг бодвол үлдэх мөнгө, хөгжих хүн нь монгол тул худалдан авах хандлага хамгийн чухал аж. Худалдан авалт сайжирч, нэмэгдэж байж л үндэсний үйлдвэрлэл хөгждөг жамтай. 

No description available.

Өнө эртнээс өвлөгдөн ирсэн үндэсний өв соёл, үүх түүх, ёс заншлыг бүтээл бүртээ шингээж, шигтгэхийг хүсдэг “МАЯАРА” брэнд Монголын хувцас загварын салбарт шинэчлэл хийхээр шулуудсан Э.Азжаргал өөрийн үзэл бодол, өмнөө тавьсан зорилгынхоо төлөө үнэнчээр зүтгэж явна.  Тэрбээр цаг хугацааны эрх чөлөөнд хүрч, хөдөөгийн буйдхан талд амьдрах зорилго тавьжээ. Хүссэн ажлаа эхлүүлж, хөдөө нутагт үйлдвэрлэл хөгжүүлж, аж ахуй эрхэлнэ гэдэгт итгэж байна.

                                                                               C.Ичинхорлоо

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.