НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
46 иргэнийг усны аюулаас аварчээ
Нийслэлийн Онцгой байдлын газарт энэ сарын 11-18-ны хооронд гал түймрийн 17, аврах ажиллагааны 12 дуудлага иржээ.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/457 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт завьт эргүүлээр Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын давхардсан тоогоор 421 алба хаагч, дүүргүүдийн цагдаагийн 61 алба хаагч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 36 алба хаагч 80 автомашин, 36 завьтай үүрэг гүйцэтгэлээ.
Энэ хугацаанд голын усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 17958 иргэнд хүргэж, ногоон бүсээс 2920 автомашин холдуулж, 4756 ширхэг зөвлөгөө, мэдээлэл тарааж ажиллав. Хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэх хугацаанд нийт 46 иргэнийг гол, усны аюулаас авран хамгаалж, таван автомашиныг голд суусан байсныг татаж гаргасан. Мөн тус хугацаанд гол, усны холбогдолтой нийт 12 удаагийн дуудлагаар 116 алба хаагч, 23 автомашин, 22 завьтай нийт 29 иргэнийг голын усанд автомашинтай суусан, боогдсон байсныг авран хамгаалж, усанд эндсэн долоон иргэнийг эрэн хайж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөв. Түүнчлэн нэг иргэнийг уснаас эрэн хайх эрлийн ажиллагаа үргэлжилж байна.
Иймд иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.