С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
З.Мэндсайхан: Нийт малчдадаа даатгалд хамрагдахыг уриалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан болж, цаг үеийн асуудлаар хэд хэдэн шийдвэрийг гаргажээ. Үүний нэг нь Өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар салбарын яамнаас танилцуулж, зарим арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.
Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах чиглээр УОК-ын дарга болон ХХААХҮ-ийн сайдын хамтарсан тушаал гарсан. Хадлан тэжээл бэлтгэхэд зориулж өмнөх жилүүдээс олон техник гаргалаа. Беларусь улстай Засгийн газар хооронд хийсэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 4.3 сая еврогийн 538 нэр төрлийн хадлан болон хүнсний ногоо хураах зориулалттай тоног төхөөрөмжийг ААН, иргэдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн.
Энэ жилийн тухайд 1.3 сая тонн өвс, 1.6 мянган тонн сүрэл, 13 мянган тонн ногоон тэжээл, 95.9 мянтан тонн үйлдвэрлэлийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл, 132 мянган хужир шүү бэлтгэхээр төлөвлөж, 13 хувьтай үргэлжилж байна. Энэ жилийн тухайд бага зэрэг хүндрэл байна. Хур бороо ихтэй байгаа учир хадлан бэлдэх хугацаа хойжилж магадгүй байна.
Газрын хөрс чийгтэй байгаа нь өвөлжилт хүндэрч болзошгүйг харууллаа. Цочир хүйтрэхэд чийгтэй хөрс хөлдөж, зудын эрсдэл бий болох нөхцөл үүснэ. Нийт малчдадаа малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдэлээс сэргийлэн малын индексжүүлсэн даатгалд хамрагдахыг уриалж байна.
Төв суурин газрын иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулж 20 орчим мянган тн бэлтгэхээр төлөвлөж байгаа. Үүнд шаардлагатай 100 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно. Гурван хувийн хүүтэй зээл. 7.65 хувь буюу арилжааны банкны зөрүүг Засгийн газар төсөвт суулган шийдвэрлэнэ. Дотоодын мах бэлтгэлд 17 ААН хамрагдахаар арилжааны банканд судалгаа хийгдээд явж байна" гэлээ.