Хромбүүк угсрах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлнэ
Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээр, түүний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, хамтарсан зураглалыг хэрэгжүүлж, экспортыг нэмэгдүүлнэ. “Атар IV" аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид болон “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд арьс, ширний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлнэ. Зам дагуух аялал жуулчлалын үйлчилгээний цогцолбор байгуулж, Гурвансайхан 4D, Ховд, Мөрөн 4С нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ. Боловсролын чиглэлээр “Цөөн хүүхэдтэй анги“ бодлого баримталж, багийн болон хотхоны бага сургууль байгуулж, “Нэг багшид нэг AI туслах”-ыг нэвтрүүлж, Хромбүүк угсрах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлнэ хэмээв.
Зүрх, судасны үндэсний төв, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хавдар судлалын үндэсний төв-2 зэрэг эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 17 аймгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл хэрэгжүүлж, Нийгмийн эрүүл мэндийн төв, дэд төв байгуулна. Эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэтгэврийг нэмэгдүүлж, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, ногоон дата төв байгуулж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, эрчим хүчний хараат байдлыг бууруулна. Ногоон дэд бүтэц хөгжүүлэх хүрээнд айл өрхийн нарны хавтан, бага оврын нарны эх үүсгүүрийг нэмэгдүүлнэ. Хариуцлагын тогтолцоог чангатгаж, төрийн албаны бүтцийг шинэчилж, авлига, хүнд суртлаас ангижруулах зэргийг хөгжлийн төлөвлөгөөндөө тусгажээ.
Үр дүнгийн нөлөөлөл өндөртэй эдгээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр манай улс засаглалын үзүүлэлтээрээ 2027 онд 7 байр ахиж, дэлхийн мэдлэгийн индексээ 39.2 оноогоор эрэмбэлэгдсэнийг 50 болгож өсгөнө. “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төсөлд 15.3 их наяд төгрөгийн 124 төсөл, 186 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгалаа. Үүнээс 2.2 их наяд төгрөгийг улсын төсвөөр, 0.2 их наяд төгрөгийг орон нутгийн төсвөөр, 5.0 их наяд төгрөгийг гадаадын зээл, тусламжаар, 4.5 их наяд төгрөгийг дотоодын хөрөнгө оруулалтаар, 1.6 их наяд төгрөгийг гадаадын хөрөнгө оруулалтаар, 1.5 их наяд төгрөгийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр, 0.3 их наяд төгрөгийг бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэлээ.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах илтгэлдээ ач холбогдол өгч, бүтээлчээр ажиллаж, мэдээллээ дэлгэцээр харуулахаар бэлдэж ирсэн Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярыг онцолж, иргэдэд ойлгомжтой, энгийн, товч байдлаар танилцууллаа хэмээн сайшаав. Мөн тэрбээр цаашид чуулганы хуралдааны индэрт илтгэх хүмүүс энэ жишгийг хэвшүүлэх нь үр дүнтэй аж.