Холбогдох байгууллага, албан тушаалтанд 7 зөвлөмж хүргүүлжээ
Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төсөлд Үндэсний аудитын газраас өгсөн саналыг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа. Тус газраас жил бүр улсын хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд аудит хийж, зөвлөмжөө хүргүүлсээр ирсэн ч хөгжлийн төлөвлөгөөний төслийг хуулийн шаардлагад нийцүүлээгүй, шалгуур үзүүлэлт оновчгүй, суурь болон зорилтот түвшин хэмжигдэхүйц бус зэрэг алдаа, зөрчил давтагдсаар байна гэлээ. 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд аудит хийхэд, 328 төсөл, арга хэмжээний 373 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 58.1 хувьтай гарсан. Холбогдох байгууллага, албан тушаалтанд 7 зөвлөмж хүргүүлсэн. Гэтэл Монгол Улсын хөгжлийн жилийн 2027 оны төлөвлөгөөний төсөлд үр дүн, шалгуур үзүүлэлтийн суурь болон зорилтот түвшин хэмжигдэхүйц бус, ижил агуулгаар тусгагдсан байгааг анхаарах нь зүйтэй хэмээн Ерөнхий аудитор илтгэв. Мөн төслийг хэлэлцүүлэх явцад Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан зарчмыг баримталж, санхүүжилтийн эх үүсвэр, эдийн засгийн тооцооллыг сайжруулан, үр дүнд чиглүүлж, холбогдох хууль, журмын цаглаварт хугацаанд дүн шинжилгээ хийж, бүх талын оролцоог хангах шаардлагатай талаар Үндэсний аудитын газрын саналд тусгажээ.
Монгол Улсын хөгжлийн 2027 оны жилийн төлөвлөгөөний төслийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан танилцууллаа. Засгийн газраас боловсруулсан Хөгжлийн төлөвлөгөөний баримтуудад шинжилгээ хийгээд макро эдийн засгийн нөхцөл байдлыг бодитой үнэлж, хөгжлийн тэргүүлэх зорилт, үндэсний үр дүнг оновчтой, тодорхой болгох, төслийн сахилга бат, хөрөнгө оруулалтын үр ашигт анхаарах шаардлагатай гэж дүгнэжээ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтэд, бодлогын уялдаа, хуулийн шаардлагыг хангах чиглэлд ахиц гарч, сайжирч байгаа хэдий ч хэрэгжилтийн шатанд уялдаа бүрэн дүүрэн бус, хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт SMART байх шаардлагаа бүрэн хангаагүй, санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй, хөрөнгө оруулалтын үр ашиг, эдийн засгийн тооцоолол бүрэн бус байна гэжээ. Жилийн төлөвлөгөөнд тусгасан 334 шалгуур үзүүлэлтийн зарим нь зорилтот түвшингүй, хэт ерөнхий, хэмжих боломжгүй байдлаар тодорхойлогдсон нь үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх бодит боломжийг алдагдуулж байна хэмээн үзсэн гэлээ.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хөгжлийн төлөвлөгөөний үр дүнгийн хэмжүүрийг оновчтой, тогтвортой болгож, хариуцлагажуулах, хөгжлийн бодлогын уялдаа холбоог сайжруулах, үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдийг SMART зарчимд нийцүүлэн сайжруулах, хөрөнгө төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрэн тодорхой болгох, төлөвлөлт ба төсөвлөлтийг уялдуулах, Төсвийн тухай хуулийн шаардлагыг бүрэн хангах, УИХ-аас Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн шийдвэрүүдийн хэрэгжилтийг эргэн хянан, тайлагнах тогтолцоог бий болгох шаардлагатайг зөвлөмжөөрөө санууллаа.