Нийслэл, дүүргийн Газрын албатай холбоотой гомдол хамгийн их иржээ

Авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулга хийв. Энэ үеэр Авлигатай тэмцэхэд хамгийн их чөдөр тушаа болж буй зүйлс нь улс төрийн намын санхүүжилт, төрийн өмчит компаниудын засаглал, тендер шалгаруулалт гэх судалгааны дүн гарчээ. Иймд засаглалыг сайжруулж, тендер шалгаруулах үйл явцыг ил тод болгохоор ажиллана гэж ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Үүнд гадаадын зарим орны авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа сайн туршлага, шүгэл үлээгчтэй холбоотой хууль тогтоомж, дагнасан шүүх байгуулах, төрийн үйлчилгээг цахимжуулахтай холбоотой гадны зөвлөх үйлчилгээний байгууллагаас үйлчилгээ авах, үүнтэй холбоотойгоор төрийн албан хаагчдын ажлын байрны зураглал гаргах тухай мэдээллээ.

Улмаар авлигын индексийг бууруулах ажлын хүрээнд тусгай зөвшөөрлүүдийг багасгах, хүний хүчин зүйлээс хэт хамааралгүй болгох зэрэг саналуудыг боловруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг  холбогдох сайд нарт даалгалаа.

Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 төвд авлигатай холбоотой иргэдийн санал гомдлыг хүлээн авч эхэлсэн. Өнгөрсөн дөрвөн долоо хоногийн хугацаанд нийслэлийн дүүргүүдийн газрын албаны үйл ажиллагааны хүнд сурталтай холбоотой гомдол хамгийн их иржээ. Иймд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд Нийслэлийн Газрын алба, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг танилцуулга хийхийг мөн даалгалаа.