НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Д.Ганбат: Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг АН-аас хасч байна
УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн үеэр Бүлгийн дарга Д.Ганбат “АН-ын бүлгийн өнгөрөгч долоо хоногийн хурлаар УИХ-ын гишүүн Н.Ганибал бүлгийн дотоод зохион байгуулалтын талаар хэлэлцэх санал гаргасан.
Долдугаар сарын 5-нд АН-ын бүлэг Засгийн газартай хариуцлага тооцох шийдвэр гаргаж, үүнийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Засгийн газарт хариуцлага тооцохын тулд УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурдаг. Манай бүлэг 11 гишүүнтэй. Бидэнтэй хоёр гишүүн нэгдсэн. Гэвч бүлгийн гишүүдийн зарим нь Засгийн газарт хариуцлага тооцох тухай албан бичигт гарын үсэг зураагүй. Гарын үсэг зурсан гишүүд маань энэ үйлдлээсээ буцаж байна. Янз бүрийн байдлаар АН-ын бүлэгт дарамт үзүүлж байна.
Өнгөрсөн долоо хоногт шат шатны шүүхээс шийдвэр гарснаар Ардчилсан нам хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байна. Намын зүгээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга надад чиглэл өгсөн. АН-ын Үндсэн дүрмийн хорооны аравдугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор Н.Ганибал, Ж.Батсуурь нар нь намын эсрэг үйл ажиллагаа явуулсан тул намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах сахилгын шийтгэл оногдуулсан байна. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг явуулсан. Өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Туваан намаас хасагдсан. Нийт гурван гишүүн сахилгын шийтгэл авч, намаасаа хассан. Ингэснээр Ардчилсан намын бүлэг найман гишүүнтэй боллоо.
Монгол Улсад хүний эрх ихээр зөрчигдөж байна. Үндсэн хуульд иргэн хүн үгээ хэлж, үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх эрхтэй. Энэ эрхээ эдэлж буй залуусыг цагдан хорьж байна. Өнөөгийн Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар өмнө нь яаж жагсч байсныг санах хэрэгтэй. Хуулийн өмнө бүх хүн адил тэгш байх ёстой. Өнөө өглөө Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр гишүүнийг дуудаж, уулзлаа. Энэ нөхцөл байдлын талаар хуралдаж, сонсгол хийх шаардлагатай байгааг хэлсэн.
Нөхөн сонгуулийн нэмэлт саналт хураалт өнгөрсөн Бямба гаригт болж дууслаа. Монгол Улсын сонгууль 50 хувиас дээш хувьтай байж ард түмнийг төлөөлдөг байх ёстой. Гэтэл Хэнтийн нөхөн сонгуульд 18 хувь буюу нэмэлт саналт хураалтаар 46 хувь хүрсэн. Мөн 28 дугаар тойрогт 35 хувьтай байж байгаад 48 хувьд хүрч байна. Эрх баригчид ард түмнийг өлөн зэлмэн байлгаж, халамжаар шийдэж ирсэн. Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ аврахаар 15 их наяд төгрөгийг зарцуулсан. Гадаадын зээл тусламжаар гурван их наяд төгрөгийг зарцуулсан. Гэтэл өнөөдөр үр дүн ямар байна вэ. Ард түмний дургүйцлийг хүргэж байна. Би намын гишүүдийг хөөх эрхтэй хүн биш. Одоо намын удирдлага нэг чигт орсон гэж ойлгосон. Хуулийнхаа дагуу үйл ажиллагаагаа явуулна. Ардчилсан нам Их хурлаа хийж таарна. Одоогоор хугацаа нь тодорхойгүй байна" гэлээ.