Аз жаргал руугаа яардаг аав байгаарай!

Тараг, талх, боорцог бас бяцхан үрсийнхээ дуртай амттанг бариад алхах залуусыг харахаар хайр хүрдэг. Гэр бүлээ бүхний түрүүнд тавих нь амьдралыг өнгө оруулж, үнэ цэнийг тогтоодог. Үүднийхээ хонхыг дарахад өхөөрдөм үрсийн ход, ход инээмсэглэх дуу сонсогдож, "аав аа" гэж чанга дуудаж, уралдан ирэхийг харах хамгийн сайхан нь. Өдөр бүрийн өнгө өөр. Ажил дээрх уур амьсгал, заримдаа уурлаж, бухимдан стрессдэх үе цөөнгүй. Тав тухгүй байдлыг тас цохиж, эрч хүч, эерэг цэнэгээр эмнэдэг энхрий үрсийнхээ итгэлт багана нь байх юугаар орлуулашгүй үнэ цэнэ. 

Ийн бичихын учир нь үрээ хэнэг ч үгүй хаяад явдаг залуучууд нийгэмд нэмэгдэж, өнчрөл шаналал дунд өсч өндийж, үргэлж хэн нэгнийг үгүйлэх зүрх, хүрээд ирээсэй гэж чин сэтгэлээсээ залбирал нь бие, сэтгэлийг нь хүчирхийлж байна гээд Та бод доо. Таниас илүү төрсөн үрийг чинь хайрлах хойд эцэг ховор. Хариуцлагатай сайн аав байж, хүүхдүүдтэйгээ хамтдаа хорвоог туулаарай. Хэн нэгэндээ туньж, хөөрхөн үрсээ битгий өнчрүүлээрэй. Аав Та амьдралын баатар, алдрай үрсийнхээ түших багана нь юм шүү. Ажлаа таараад аз жаргал руугаа яардаг аав байгаарай. 

С.Ичинхорлоо