С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Өндөр настны, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцлаа
Нийгмийн бодлогын байнгын хорооноос Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд Ватиканы төлөөлөгчийн газрын харьяа эмэгтэйчүүдийн ахмад настны “Тереза эх” асрамжийн төв, “Батгэрэлт-ирээдүй” ТББ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллав.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах Ватиканы төлөөлөгчийн газрын харьяа эмэгтэйчүүдийн ахмад настны асрамжийн төв нь 2011 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй. Тус асрамжийн төвд өнөөдрийн байдлаар 21 ахмад настан байгаа аж. Жилдээ дунджаар 80 гаруй хүн асруулдаг байна. Түүнчлэн тус төвийнхөн гэртээ байгаа асаргаа сувилгаа хэрэгтэй 1000 гаруй хүнд жил бүр хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг байна. Байрны хүрэлцээ, багтаамж тааруу тул том байртай болбол олон хүнд тусламж, үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой гэдгийг “Тереза эх” асрамжийн төвийн менежер Б.Урантуул ярьж байлаа.
Мөн тэрбээр, “Манайх дэлхийн 134 оронд хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын салбар. Ватиканы төлөөлөгчийн газраас анх Монгол Улсад урьж оруулж ирсэн. Бид Монгол Улсаас ямар нэгэн дэмжлэг тусламж авдаггүй. Бидэнд санхүүжилт гэхээсээ хороо, дүүрэг, шат шатны эмнэлгийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо маш чухал байна. Эрүүл мэндийн болоод иргэдийг бичиг баримтжуулах зэрэг үйлчилгээ хүндрэлтэй байдаг. Бичиг баримтгүй хүмүүс их ирдэг. Тиймээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжгүй байдаг тул хувийн эмнэлэгт очих шаардлага гардаг. Нэг иргэнийг бичиг баримтжуулах гээд гурван жил хөөцөлдөж байна” хэмээв.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жаргалмаа “Төрийн үйлчилгээг төрийн өмнөөс иргэдэд үзүүлж байгаа учраас төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх ёстой. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжийг нээж өгөх, иргэдийг бичиг баримтжуулах тухайд анхааран ажиллах шаардлагатай байна. Хууль хэдий хангалттай байгаа ч хэрэгжих шатандаа хангалтгүй байна гэж үзэж байна. Эрүүл мэнд, бүртгэл, нийгмийн даатгал зэрэг байгууллагауудын ажлын уялдаа холбоо хангалтгүй байна. Харж хандах хүнгүй, иргэний бүртгэлгүй иргэд ихээр ирдэг гэж байна. Цаашид эдгээр асуудлуудыг цэгцэлж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллах болно” гэв.
Үүний дараа Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Батгэрэлт-ирээдүй” ТББ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ төвд 17-94 насны 58 хүн байдаг аж. Анх 2009 онд үйл ажиллагаагаа эхлүүлж ахмад настнуудад асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаад 2011 онд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран ажиллах гэрээ байгуулж, Батсүмбэр дэх улсын асрамжийн газрааас 15 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч асарснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөлжсөн асрамжийн үйлчилгээгээ эхлүүлсэн байна. Тус газрын захирал Н.Роза “Манай асрамжийн газрын байр түрээсийнх. Өөрсдийн байртай болох үүднээс Сонгинохайрхан дүүрэг Тахилтад газар авч барилгын зураг төсөл гаргуулсан. Одоо барилгаа барихад олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрт хамрагдахаас гадна төрийн дэмжлэг шаардлагатай болоод байна. Мөн хөнгөлттэй эм бичих эрх гаргуулах, эмч сувилагч, асрагч нараа төрийн албаныхантай адил тэтгэвэрт гарахад буцалтгүй тусламж авдаг болгох асуудалд анхаармаар байна” хэмээн ярьж байв.
Мөн Эрүүл мэндийн яамнаас тус асрамжийн газрын эмчид нь хөнгөлөлттэй эм бичих эрхийг үүсгэн өгч асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд эм бичүүлэхийн тулд заавал харьяа хороо, дүүрэг рүүгээ явах шаардлагагүй болж байгаа юм.